“Төгрөг-100 жил” марк худалдаанд гаргалаа

img

 

Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг-100 жил” маркийг өнөөдөр /2025.12.09/ худалдаанд гаргалаа.

Энэхүү маркийг бүтээхэд нано-фольго технологи ашигласан бөгөөд мөнгөн тэмдэгтийн өндөр нарийвчлал бүхий 5 төрлийн хамгаалалтын элемент оруулснаараа онцлог юм. Тухайлбал:

Одоогийн гүйлгээнд буй том дэвсгэртүүдэд байрлах эзэн Чингис хааны хөргийг 22 каратын алттай, товгор загварын марк болгон хэвлэсэн. Энэ нь 22 каратын алтан ялтсыг халуун даралт ашиглан маркийн үндсэн материал дээр нааж, товгор дармал эффект үүсгэдэг өндөр зэрэглэлийн хамгаалалтын болон гоёлын технологи юм.

Монголбанкнаас 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр гүйлгээнд гаргасан цагаан мөнгөн “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгтийг билэгдэн хийсэн мөнгөн нано загварын марк юм. Энэ загвар нь сайжруулсан оптик эффект бүхий хэт нарийн ширхэгтэй металл өнгөлгөөг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологи болох нано-инженерийн аргаар боловсруулсан мөнгөний тоосонцрыг ашиглаж, мөнгөлөг тугалган цаасыг товойлгон хийдэг технологи юм. Тус технологиор мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементэд ашигладаг холограм болон толин тусгалын элемент хийдэг.

Одоогийн гүйлгээнд ашиглаж буй шинэ загварын 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт дээрх арслангийн зургийг дүрсэлсэн нарийн бичилт бүхий марк бүтээв. Энэ технологи нь маш нарийн, микро хэмжээний хээ, бичилт үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологи бөгөөд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлсэн элемент болгож ашигладаг. Монголчууд арсланг дөрвөн хүчтэний нэг гэж үздэг бөгөөд хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг гэж бэлгэшээн арслантай авдрыг хоймортоо залан эд хөрөнгө болон үнэт зүйлсээ хадгалдаг уламжлалтай байсан. Монголбанк энэ бэлгэдлийг бодон 1925 оны гүйлгээнд гаргасан 7 төрлийн бүх цаасан мөнгөн тэмдэгт дээр арслангийн зураг дүрсэлсэн байдаг.

“Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар жанжны хөргийг хөх өнгийн үл үзэгдэгч флюресцент бэхээр зурсан марк. Энэ технологи нь энгийн гэрэлд харагддаггүй, харин UV гэрлийн тусгалд хөх өнгөөр тодордог хамгаалалтын бэх бөгөөд ихэвчлэн мөнгөн дэвсгэртүүдэд хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, хамгаалалтын зорилгоор хэрэглэдэг.

Гол хэсгийн Монголбанкны түүхэн барилгын зураг, тусгаар тогтнолын бэлгэдэл болох “Төгрөг–100” лого зэрэгт микро товгорт дармал буюу маш нарийн, микро хэмжээний хээ, текстур үүсгэдэг өндөр нарийвчлалын товгор технологийг ашигласан. Мөн уг марканд үндэсний өв, соёл, түүхийг шингээсэн элементүүд болон уйгуржин, кирилл, латин бичгийг ашиглав.

Ардын Засгийн газар 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулж, улмаар эдийн засгийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэн, 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн түүхэн тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн банканд үндэсний мөнгөн тэмдэгтийг “ТӨГРӨГ” нэртэйгээр гүйлгээнд гаргах онц эрхийг олгож байжээ. Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш 100 жилийн түүхийг бид хамтдаа бүтээсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ