НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал манай улсад айлчилна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Ингрид Андерсон Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы яриа, хэлэлцээрүүдэд идэвхтэй оролцож, манлайлж байгаад талархал илэрхийлснийг БОУАӨЯ мэдээлэв.
Сайд Б.Батбаатар байгаль орчны салбарт эрчимжүүлж буй хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас “Бэлчээр”, “Ус ба газар”, “Байгальд суурилсан шийдэл” зэрэг хэлэлцүүлгийг санаачилж байгаагаа танилцууллаа. Тэрбээр 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд болох Талуудын 17 дугаар бага хуралд Ингрид Андерсоныг биечлэн оролцохыг урив. Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил, төсөл, хөтөлбөрийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг дурдсан байна.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл хангахыг бүх талаар дэмжихээ илэрхийлээд Гүйцэтгэх захирал өөрийн биеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоо баталгаажуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ