“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүслээ
"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай нэвтрүүлэг цацагдлаа. Уг нэвтрүүлэгт "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн эмэгтэйг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажилллуулж боолчилсон, хүүхэд нь байнга зоддог байсан, мөн амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдээд явуулсан байсан хэмээн мэдээлжээ. Тэдний гэрт ирэх ажлыг Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн үйлдсэн гэх бөгөөд Сингапурт ажиллаж байхад нь хүчээр Монголд авчирсан гэж нэвтрүүлэгт дурджээ.
Мөн уг нэвтрүүлгээр хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. Мөн хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг Монголчуудаас хүссэн юм.
Улмаар хохирогч эмэгтэйн охин Nyrriel Atienza "Би 2011 онд Улаанбаатарт учир битүүлгээр нас барсан Филиппин эх Террил Атиензагийн ууган охин Nyrriel Atienza байна.
Манай гэр бүл 14 жил чимээгүй, айдастай, ядуу зүдүү амьдарсан. Бид хамгаалалтгүй, харийн нутгаас яаж шударга ёсыг эрэлхийлэх тухай ойлголтгүй хүүхдүүд байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох хүмүүсийн эрх мэдэл нь бидний дуу хоолойг хэзээ ч сонсохын аргагүй байсан.
Арав гаруй жил энэ зовлонг үүрч явсны эцэст Монголын ард түмэн бидэнп мартагдахааргүй энэрэнгүй сэтгэлийг үзүүллээ. Танай улсын иргэд бидний гашуун түүхийг сөхөж, зүрх сэтгэлийг маань тайвшруулж, дахин ярих зориг өглөө.
Миний ээжийн хэргийг дахин нэг удаа шалгаж, шударгаар, эелдэгээр харахыг Монголын төр засгаас гүн хүндэтгэлтэйгээр хүсч байна.
Бид өшөө авалтыг эрэлхийлээгүй. Бид үнэн, нэр төр, хүүхэд бүрийн хүртэх ёстой хамгаалалтыг хайж байна.
Миний ээж Террил танай улсад очсон, амиа алдсан. Түүний хохирсон хэргийг
бүрэн шалгагдаагүй. Түүний хүүхдүүд 14 жил ямар ч хариултгүй, шударга ёсгүй, амар тайвангүй амьдарч байна.
Би Монголын ард түмний сайн сайханд итгэдэг. Танай засгийн газар бидний зовлонг харж, үнэнийг илрүүлэхэд тусална гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна.
Таны шударга ёсны мэдрэмжид бид итгэж байна. Бид таны хүн чанарт итгэж байна. Олон жил өнгөрсний дараа ч Монгол Улс шударга ёсны төлөө гэдгээ дэлхий нийтэд харуулна гэдэгт бид итгэж байна.
Бидний хүсэлтийг сонссон танд баярлалаа. Бидэнд итгэл найдвар өгч буйд баярлалаа" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ