Волейболын лигийн тоглолт маргааш болно
Монголын волейболын дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Бүх оддын тоглолт” маргааш “Степп Арена” ордонд болно.
Үзэгчид, волейболын спорт сонирхогчдоос хамгийн өндөр санал авсан 28 тоглогч драфтаар хоёр багт хуваагдан өрсөлдөх энэхүү тоглолт эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 легионер тоглогч багтжээ. Эмэгтэйчүүдийн тоглолтын нэгдүгээр багийг “Хилчин”-ий Б.Халиунзаяа ахалж байгаа бөгөөд тэрбээр “Бүх оддын тоглолт”-д хоёр дахиа оролцоно. Харин хоёрдугаар багийн ахлагчаар “Хөвсгөл долоон од”-ын Э.Анударийг сонгожээ. Тэр анх удаа “Бүх оддын тоглолт”-д өрсөлдөхөөр болсон нь энэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл долоон од”-ын П.Энххүслэн хамгийн олон буюу дөрвөн удаа “Бүх одддын тоглолт”-д сонгогдсон бол анх удаа оролцох долоон монгол тоглогч байна. Харин эрэгтэйчүүдийн нэгдүгээр багийг “Дархан Могулс”-ын Г.Төрбат, хоёрдугаар багийг “Минтонетт Говь”-ийн Н.Бүрэнтөгс нар ахална. Эрэгтэйчүүдээс энэ тоглолтод дөрөв дэхээ орж буй долоон тоглогч байгаа бол анх удаа өрсөлдөх 4 тамирчин байна.
Энэ үеэр уламжлал ёсоороо “Холимог оддын тоглолт”-ыг зохион байгуулах бөгөөд үндэсний бөхийн улсын аварга О.Хангай, “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат нар багаа манлайлан дахин өрсөлдөхөөр болжээ. Өнгөрсөн жилийн “Холимог оддын тоглолт”-д улсын аварга О.Хангайгаар ахлуулсан бол хожиж байсан бол М.Баярбат даагаа нэхэх санал тавьснаар хоёр багийн дуэль дахин болох эхлэлийг бий болгожээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ