Бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боломж бүрдлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг баталснаар харилцан экспорт, импорт хийдэг 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж бүрдлээ.
Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас 367 нэр төрлийн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, химийн бордоо, азотын бордоо импортоор авах юи.
Энэ нь уул уурхайн бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжил нэмэгдэхэд нөлөөлнө хэмээн Засгийн газар үзэж байна. Тухайлбал, Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар дөрвөн цагийн дотор гаалийн бүрдүүлэлтийг олгож, 5000 евро хүртэлх бараа бүтээгдэхүүн дээр тухайн экспортлогч гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлэх боломжтой болсон нь Монголын аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Тус хэлэлцээр нь хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцсон бөгөөд гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, шуурхай байдлыг ханган, гадаад худалдаанд гарсан хүндрэл бэрхшээлийг шийдэх, зардлыг бууруулах зэрэг давуу талтай юм.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр гурван жилийн хугацаатай, талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох аж.
Энэ ташрамд дурдахад, Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ