Нарны эрчим хүчний итгэлцлийн санг хамтран байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ

img

 

НЗДТГ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжиж амьжиргааг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцохоор хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчтэй уулзсаныг НЗДТГ мэдээлэв.

Х.Нямбаатар, гэр хороололд 170 гаруй мянган өрх шахмал түлшийг өвөлжингөө түлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах нь тэргүүний зорилт болж буй үед НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний төслийг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Гэр хорооллын 68 өрхөд өнгөрсөн онд нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулж, ашиглалтад оруулсан, 500 өрхөд суурилуулахаар төлөвлөсөн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газартай хамтран Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулахад бэлэн байна. Ингэснээр 5000 гаруй өрхийг нарны эрчим хүчний халаалтын системд шилжүүлж, агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн нарны эрчим хүчний халаалтын байгууламж байгуулахыг дэмжинэ” гэдгийг тодотголоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс аж үйлдвэрийн паркийн загвар, ухаалаг хотын хэрэгслийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, хог хаягдлын менежмент, тойрог эдийн засгийн зарчмыг нэгтгэсэн ногоон аж үйлдвэрийн паркийн дизайн, тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих, хотын үйлчилгээг сайжруулахын тулд дижитал, өгөгдөлд суурилсан шийдлийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах тухай санал солилцжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ