Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсжээ
Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан байдаг.
Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэд олон нийтэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан. Толгой төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс өсжээ. Мөн зорчич жолоочид бэлэн мөнгө өгдөг байснаа больж, зориулалтын хайрцагт хийдэг болсон байна. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого нэмэгдсэн аж.
2024 онд нийтийн тээврээр 134 сая зорчигч зорчсон бол энэ жилийн арваннэгдүгээр сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ. Иргэд бэлэн мөнгөө зориулалтын хайрцагт хийх, эсвэл өөр арга ашиглаж нийтийн тээврээр зорчих төлбөрөө төлдөг болсноор нийтийн тээврийн орлого өмнөх жилээс 69 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. Тодруулбал, өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ