Нийгмийн хүлээлтэд нийцээгүй дэд сайд нар...

img

 

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад аль ч салбарт өөдтэй бодлого шийдвэр яригдсангүй,  зөвхөн албан тушаал, сандал суудлын хуваарилалт хийсэн долоо хоног болж өнгөрлөө. Эдийн засагт амьсгаа давчдаж, татвар төлөгч бизнес эрхлэгчид дансаа хаалган, хаалгаа барьж байхад эрх баригч нам харин албан тушаал тараах ажилдаа л улайрлаа. Шинэ Засгийн газар үнэхээр улс орны ажил нугалж чадаж байна уу? Адаглаад шатахуунаа ч хэл үггүй нийлүүлж чадахгүй, шалтаг тоочсоор удлаа. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш улс орны эдийн засгийг босгохоосоо илүүтэйгээр албан тушаалын сандал тойрсон халаа сэлгээгээр рекорд тогтоож байна гэхэд хилсдэхгүй. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар шинэ Ерөнхтй сайд маань Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл яаж ийгээд амь тавихгүй үлдэх, цаашлаад төрийн тэргүүний суудалд санаархах улс төрийн том мөрөөдлөө бодлогын дээр эрэмбэлсэн бололтой гэж олон нийт дүгнэлт хийхээс аргагүй байна. Хэдэн арваар нь томилгоо хийлээ гээд иргэдийн халаас тэлсэнгүй, бизнесийн орчин сайжирсангүй, харин ч эсрэгээрээ эдийн засаг уруудаж, төсөв бүрдүүлдэг татвар төлөгч бизнес эрхлэгчдээ буланд шахаж, дансыг нь хааж, төрийн нэр барьсан дарамт гаарлаа. Зөвхөн энэ долоо хоногт дэд сайд нарын нэрс ээлж дараалан гарч, 20 гаруй улсад элчин сайд томилох шийдвэрүүд цуварч, үүний хажуугаар агентлаг, газар, хэлтсийн дарга нарын сандал ч савлаж эхэллээ. Улс орны өмнө тулгамдсан инфляц, ажилгүйдэл, өрхийн орлого хумигдаж байгаа нь эрх баригчдад сонин биш, харин албан тушаалын бялуу хуваах ажил л төрийн нэн яаралтай асуудал бололтой. Дэд сайд нарын томилгоог энэ долоо хоногийн хамгийн их шүүмжлэл дагуулсан үйл явдлаар бид нэрлэж байна.

Дэд сайд нарын томилгоог харвал эрх баригч намын фракц бүр өөрсдийн хүнээ шургуулчихсан харагдав. Наанаа андгай тасарч цаанаа мөнхийн эрх ашгаараа нэгддэг улстөрчдийн балиар соёл эрх баригч МАН-аас хэзээ ч салахгүй нь бололтой. Энэ удаагийн томилгоонд МАН-ын лийдерүүдийн ар тал, хэтэвч, түрийвч болдог бизнесийн хүрээнийхэн түлхүү орж иржээ. Угсаа залгамжилдаг улс төр Монголын улс төрд гүн орж ирэв. Албан тушаал мэдлэг, чадвар, туршлагаар нь биш, хэнтэй ойр, хэний хүн, хэний квотоор орж ирэв гэдгээр шийдэгддэг тогтолцоо ил цагаандаа гарлаа. Төрийн алба ард түмэнд үйлчлэх институт биш, харин улстөрийн бүлэглэлүүдийн өв залгамжлал бэлэг сэлт, тохиролцооны хамгийн тухтай талбар болсоныг тод томруунаар харуулав. Үр дүнд нь хариуцлага гэдэг ойлголт алга болдог. Үүний бодит жишээ бол Мөнхтамир. Алдаа гаргасан хүн албан тушаалаар шагнуулж болдогийн тод жишээ бол тэр. МИАТ-ийг алдагдалд орууллаа гээд өнгөрсөн долоо хоногт нь ажлаас чөлөөлөгдсөн хүн Байгаль орчны дэд сайдаар шагнуулав. ССАЖЗ-ын дэд сайдаар томилогдсон Дашням УИХ-ын дарга Учралын хүн. Дашнямын томилгоогоор тэрээр намынхандаа өөрийг нь дагавал яаж ч байсан хаяхгүй, аваад явдаг шүү гэдгээ битүүхэн хэлчихлээ. Учир нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд намдаа ялалт авчрах хүнд ачааг мөдхөн үүрнэ. Хоёр том сонгуульд ялалт авчирч чадах эсэхээс хамаарч дүнгээ тавиулж, намын даргын суудлаа бөхлөх үү үгүй юу нь ч шийдэгдэх юм. Тиймдээ ч Учралд намын гишүүдийнх нь дэмжлэг хамгийн чухал учраас сонгуульд ялагдсан ч өөрийг нь үнэнчээр дагасан хүмүүсээ гээдэггүй гэдгээ баталж харууллаа. Дэд сайд нарыг хамгийн муухай харагдуулсан томилгоо бол Г.Номин. Дөнгөж 29 настай тэрээр төрийн ажлын туршлагагүй, бүр эрүүл мэндийн салбарынхан нь ч мэдэхгүй, CV-ээ худал мэдүүлсэн тухай нь нийгмийн сүлжээгээр шуугиад өнгөрөв. Эрдэм шинжилгээний 100 өгүүллэг бичсэн гэсэн СV г нь жиргээчид ухаад худал гэдгийг илрүүлсэн ч тоож үзэх толгойтой амьтан байсангүй. Нийгмийн сүлжээнд дэд сайд нарын талаар ямар хэлэлцүүлэг, санал өрнөснийг харуулъя... Эрүүл мэндийн дэд сайд Номин Роснефть Монгол гадаадын хөрөнгө оруулалттай компанийн захирал Доржийн Ганбаатарын охин бөгөөд тэс өөр салбарт охиноо дэд сайдаар томилуулсан нь охиноо эргэж буцалтгүй улстөрд оруулахаар замыг нь засаж байгаа бололтой.

Томилгооны дуулиан үүгээр дууссангүй. Аубакир сайд эмэгтэй дэд сайд захиалав. Түүний захиалгаар Оюун-Эрдэнийн хүн гэгддэг Солонгоог ГБХНХ-ын дэд сайдаар томилсон бололтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ