Хиймэл оюунд суурилсан нээлттэй өгөгдлийн платформыг танилцуулав

img

 

Монгол Улсад хиймэл оюуны технологийг ашиглан төрийн ил тод байдал, төрийн нээлттэй өгөгдлийн ашиглалт, эрх зүйн орчин болон олон нийтийн хяналтыг сайжруулах зорилготой “Voyager Transparency” платформыг танилцуулах уулзалт Хууль зүй, дотоод хэргийн яаманд өчигдөр боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлснээр, уулзалтын үеэр хууль зүй, дотоод хэргийн салбарт ашиглах боломжтой хиймэл оюунд суурилсан нээлттэй өгөгдлийн дэвшилтэт платформын давуу тал, цаашдын эерэг үр нөлөөний талаар уг платформыг хөгжүүлэгч Ц.Чандмань-Эрдэнэ, О.Мөнхбат нар тус яамны удирдлагын бүрэлдэхүүнд танилцуулж, санал солилцов.

“Voyager Transparency” төсөл нь төсвийн зарцуулалт, төрийн худалдан авалтын нээлттэй өгөгдлийг нэгтгэн иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх хиймэл оюунд суурилсан дата агент юм. Тус агентийн тусламжтай иргэд төсвийн хөрөнгө юунд, хэрхэн зарцуулж байгааг богино хугацаанд бодит эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж байна.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ тус төсөл нь Засгийн газрын авлигатай тэмцэх бодлого, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилттой бүрэн нийцэж байгааг онцлон тэмдэглэж, залуучуудын санаачилгаар эхэлж, бодит үр дүнд хүрсэн ийм сайн жишээнүүдийг цаашид бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн одоо ашиглаж буй төрийн нээлттэй өгөгдлийн платформуудын уялдаа сул, ашиглалт иргэдэд хүндрэлтэй байгаа нь нээлттэй өгөгдлийг бодит хяналтын хэрэгсэл болгоход саад болж байгааг төслийн баг онцолж, хиймэл оюунд суурилсан шийдэл нь ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог бодитоор дэмжих боломжийг бүрдүүлэхийг дурдав.

Уг платформ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Civic Tech Innovation Challenge on Governance 2025” тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн 30 орны 251 төслөөс шалгарч “Rising Civic Innovation Award” шагналыг хүртээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ