Цэргийн албанд эр хүн болохыг яаж заадаг юм бэ? Р.Чингис даргаа
Өчигдөр /2025.12.23/ орой 22 цаг 30 минутын орчимд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид хоорондоо дүрмийн бус харилцаа үүсгэж, нэгнийгээ хүч хэрэглэн зодсон хэрэг гарсан. Д.Манлайбаатарын мэдээлснээр, уг алба хаагчид 2025 оны нэгдүгээр улиралд цэрэгт татагдсан бөгөөд зодсон нь ахлах түрүүч, зодуулсан нь түрүүч цолтой гэв. Зодуулсан цэргийн биеийн байдал хэвийн, нарийн мэргэжлийн эмчид дахин үзүүлэх шаардлагагүй гэв. Мөн хохирогчийг шүүх шинжилгээний байгууллагад үзүүлж, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн бөгөөд ар гэртэй нь утсан харилцаатай байлгаж байна. Тус ангид нийт 68 хяналтын камер суурилуулснаас 62 нь 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа. Ариун цэврийн өрөөнөөс бусад бүх хэсэгт камер байршуулсан бөгөөд хувцас солих өрөө, амрах өрөөнд уг хэрэг гарчээ. Одоогоор СХД-ийн цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хал цэргүүд шинэ цэргүүдээ зодох явдал нь “угаас байдаг” мэтээр хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй бөгөөд ийм төрлийн хүчирхийллийг таслан зогсоох нь зүйтэй. Гэхдээ манайд энэ байдал бүр бугшчихсан, цэргийн ангийн удирдлагууд, БХЯ-ныхан дүрмийн бус харилцааг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үгээр ам таглаад сурчихсан. Хэн нэгэн аавын хүү зодуулж, бие болон сэтгэл санааны хохирол амссаны дараа бус урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх ажил хийгдэх ёстой. Гэтэл хүчирхийлэл гарсны дараа ХЭҮК-той хамтарч ажиллахыг урьж байна гээд хэлээд сууж байх гэж.
Р.Чингис “Бид зодоон маргааныг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. ‘Эр хүн болоосой’ гэж л хүсэж, цэргийн албанд сургадаг. Мэдээж дүрмийн бус харилцаа үүсгэх явдлыг огт зөвшөөрдөггүй” хэмээн мэдэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ