Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ээр зарлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажил гараанаас гарлаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 82-ынх нь суурийн ажлыг хийж байна.
Туулын хурдны замын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна. Тойрог замын тендерийг зарлахаар бэлтгэж байна. Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарласан. Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулж, төслийн ажил 54 хувьтай үргэлжилж байна.
Дулааны V цахилгаан станц, Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулж, бичиг цаасны ажил цэгцэрлээ. 2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, тэднийг бүхий л талаар дэмжинэ. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчидтайгаа хамтарч, хамтдаа хөгжинө.
Үүний тулд хамгийн түрүүнд төрийн байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ