ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЭД НИЙЦЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

img

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд өнөөдөр (2026.01.02) ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд нэн тустай юм.

Улсын II төв эмнэлэг Эд нийцлийн лабораторитой болсноор элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна.

Эд нийцлийн лабораторитой болсноор гадаад руу зорьж эмчлүүлэх иргэдийн тоо буурч, цаг алдалгүй хагалгаа хийлгэх зэрэг олон эерэг талтай талаар эмч мэргэжилтнүүд ярьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ