ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.МӨНХСОЛОНГО
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, 5 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн.
Энэ шийдвэр нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо үл ойлголцож, нэгнээ зодсон ноцтой хэрэгтэй холбоотой. Хэргийг шалгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг байгуулагдаж, албан тушаалтнуудын хариуцлагыг тогтоох ажил эхэлсэн юм. Шалгалтын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн дээрх албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Одоогоор Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд шинэ томилгоо хийгдээгүй байгаа ч үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг томилжээ. Тэрээр ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын сахилга хариуцлагын асуудлыг түр хугацаанд удирдаж ажиллах юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, уг хэрэг нь зөвхөн нэг ангийн асуудал бус, цэргийн албаны сахилга, хариуцлагын тогтолцоонд дотоод хяналт, хяналтын тогтолцооны сул тал илэрснийг харуулж байгаа гэжээ. Иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг анхааралтай ажиглаж, цэргийн байгууллагын ил тод байдлыг шаардаж буй.
Хууль зүй, дотоод хэргийн байгууллагууд албан тушаалтнуудын хариуцлага, алдаа дутагдлыг ил тод, нарийн шалгах чиглэлээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ