МОНГОЛ ЦЭРГҮҮД ДАЯН ДЭЛХИЙД МАНЛАЙЛЖ БАЙНА
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд жирийн энхийг сахиулагчийн албан тушаалаас цэргийн хүчний удирдлагын бүх түвшинд үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа, НҮБ-ын UNMISS, UNFICYP, UNISFA, MINUSCA энхийг сахиулах ажиллагаануудад монгол цэргүүд цэргийн хүчний командлагчаас нь эхлээд үүрэг гүйцэтгэж, талын монголчуудын төрөлхийн дайчин чанар, тэсвэр хатуужил, эр зориг, цэргийн удирдлагын ур чадвараа тив дэлхийд таниулж, тэр чинээгээрээ хүлээн зөвшөөрөгдөв.
Яг энэ цаг үед хурандаа Н.Нямжаргал НҮБ-ын Төв штабын Энхийн ажиллагааны газрын Бодлого, Үнэлгээ, Сургалтын албаны Гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх бүлгийн даргаар, хошууч генерал Б.Эрдэнэбат Кипр дэх НҮБ-ын “UNFICYP” ажиллагааны цэргийн хүчний командлагчаар тус тус үүрэг гүйцэтгэж байна. Цэргийн хүчний командлагчийн удирдлага дор 18 орны цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж буйгаас дэлхийн хамгийн хүчирхэг армитай орны нэг Их Британийн Эзэн хааны цэргүүд Монгол генералд захирагдаж байна гэсэн үг.
Бригадын генерал Т.Галбадрах НҮБ-ын “UNISFA” ажиллагааны нэгдсэн штабын Ар тал хангалтын дарга, хошууч генерал Л.Гансэлэм НҮБ-ын “MINUSCA” ажиллагааны цэргийн хүчний секторын командлагч, хурандаа Д.Баттүвшин НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны секторын командлагчийн орлогч, дэд хурандаа С.Нэргүй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний штабын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар НҮБ-ын "MINUSCA" ажиллагааны хүчний штабын Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Хоролсүрэн НҮБ-ын “UNMISS” хүчний штабын Холбооны хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мөнгөн НҮБ-ын "UNISFA" ажиллагааны төв штабын Нэгдсэн ажиллагааны хэлтсийн дарга гээд монгол цэргүүдийн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад удирдлагаар ажиллаж буйг жагсаавал нэлээд урт жагсаалт гарна.
Тэр дундаа UNMISS ажиллагаанд өнөөдөр монгол цэргүүд бүрэн батальоноор үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ секторын командлагчийн орлогч, холбоо болон эмнэлгийнх нь хэлтсийн даргаар шалгаран ажиллаж байгаа нь тэдний ур чадвар, нөлөөллийг илтгэн харуулна.
Дээрх албан тушаалууд нь НҮБ-ын сонгон шалгаруулалтаар явагддаг ба Монгол офицерууд шалгуурыг нь бүрэн хангаж, шалгалтад нь дүүрэн тэнцэж, үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлон дурдах учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ