ЕРӨНХИЙ САЙДАА ДАРГА СЭЛГЭЭД АВЛИГА БУУРАХ УУ?

img

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд боомтыг цэгцэлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг үүрэгдсэн. Чөлөөт бүсийн стратеги төлөвлөлт, гаалийн байцаагчдыг сэлгэн ажиллуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлнэ гэдэг нь Засгийн газрын хуралдааны протоколд олонтаа давтагддаг л юм.

Замын-Үүд бол зүгээр нэг сум биш. Монгол Улсын импортын 70 орчим хувь, хүнсний нэр төрлийн дийлэнх нь дамжин өнгөрдөг стратегийн зангилаа. Өдөрт дунджаар хэдэн зуун чингэлэг, мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг энэ боомт дээр ил тод, хурдан, шударга систем ажиллах ёстой. Гэтэл  халуун цэг дээр хахууль, танил талын сүлжээ бугшсан гэдгийг импортлогчид, тээвэрчид, жолооч нар нэгэн дуугаар ярьдаг.

Ерөнхий сайд гаалийн байцаагчдыг шилжүүлж, сэлгэн ажиллуулах нь шийдэл гэж харсан бололтой юм. Гэхдээ энэ бол аль хэдийн хуучирсан, үр дүнгүй арга. Хүн сольсноор асуудал шийдэгддэг бол Монголд авлига аль эрт устчихсан байх биз. Засаг солигдох бүрт дарга солигддог, дарга солигдох бүрт “манай хүн” очдог, харин систем нь хэвээр үлддэг гашуун туршлага бидэнд хангалттай бий.

Замын-Үүдэд өнөөдөр дор хаяж дөрвөн өөр институц давхар “эзэн” сууж байна.  Гааль, хил, мэргэжлийн хяналтын нэр өөрчлөгдсөн бүтэц, орон нутгийн захиргаа, дээр нь чөлөөт бүсийн захиргаа. Хэн нь бодит шийдвэр гаргагч вэ гэдэг тодорхойгүй, хариуцлага тарамдсан ийм орчинд авлига цэцэглэдэг нь дэлхийн аль ч улсад адилхан зүй тогтол.

Чөлөөт бүсийн тухайд ч ялгаагүй. Газар олголт шалгана, стратеги боловсруулна гэх үгс шинэ сонсогдож магадгүй ч үнэн хэрэгтээ Замын-Үүд чөлөөт бүс бол цаасан дээрх төсөл хэвээрээ. Олгогдсон газрын ихэнх нь бодит үйлдвэрлэлгүй, агуулах нэртэй хашаа, эсвэл дамын наймааны жинхэнэ талбар болж хувирсан. Үүний цаана улс төрийн нөлөө, хамаарал бүхий компаниудын сонирхол байсаар ирсэн нь нууц биш.

Хамгийн эмгэнэлтэй нь жирийн иргэд, жижиг импортлогчид, жолооч нар энэ системийн золиос болдог.  Хэн ч “дээд шатанд” гомдол гаргаад нэмэргүй гэдгийг тэд сайн мэднэ. Учир нь асуудал ганц гаалийн хаалганы цаана биш, төрийн бүхэл бүтэн зохион байгуулалтгүй тогтолцоонд оршдог учраас тэр.

Уг нь Замын-Үүд боомтод бие даасан, улс төрөөс ангид, дижитал суурьтай нэгдсэн удирдлагын байгууллага байгуулах, бүх бүрдүүлэлт, шалгалтыг хүний оролцоог хамгийн бага түвшинд хүргэх технологийн шинэчлэл хийх гэх мэтээр энүүхэн зэргийг зоригтойхон хийчихбэл ядаж зүхэх юмгүй. Даанч ингэж зориглож чадахгүй л бол хэчнээн дарга сольсон ч, байцаагч сэлгэсэн ч Замын-Үүд өөрчлөгдөхгүй. Хүн сольж шоуддаг үе өнгөрсөн шүү дээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ