Засгийн газрыг огцруулах улс төр хавраас эхэлнэ
Намрын чуулган тэр чигтээ эрх баригч намын дотоод сандал, суудлын төлөөх зөрчилдөөнөөр өндөрлөсөн бол хаврын чуулган ч мөн адил Засгийн газрыг огцруулах асуудлаар эхлэх нь тодорхой боллоо. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хаврын чуулганы эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн барина гэдгээ мэдэгдээд байна. Түүний бланк дээр одоогоор 32 гишүүн гарын үсэг зурсан гэх.
Энэ үйл явц сөрөг хүчний бодлогын тэмцэл гэхээсээ илүү эрх баригч МАН-ын дотоод хагарал дээр “тоглож” буй хямдхан улс төрийн PR мэт харагдаж байна. АН өмнө нь ч дэд сайд нарыг эгүүлэн татах зэрэг жижиг шаардлага тавьж, биелэхгүй бол Засгийн газрыг огцруулна хэмээн мэдэгдэж байгаад Ерөнхий сайд тэднийг хэлэх үггүй болгоод гаргаж байсан удаатай. Атал Засгийн газрыг огцруулах мэдэгдэл тэмцэл гэхээсээ сонгуулийн өмнөх популизмын шинжтэй байна гэсэн хардлага нийгэмд давамгайлж буй.
Нөгөө талд эрх баригч МАН-ын нөхцөл байдал ч ялгаагүй ичмээр. Нам дотроо фракц фракцаараа хуваагдаж, хэн нь хэнийгээ огцруулах вэ, хэн нь аль суудлыг авах вэ гэсэн дотоод тэмцэл гаарч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын хэн нь түрүүлж “огцрох вэ” гэх яриа хүртэл улс төрийн хүрээнд хөвөрч эхэллээ. Дарга нар олширч, албан тушаалын тоо нэмэгдэхийн хэрээр энгийн иргэдийн амьдрал эсрэгээрээ доройтож байна.
126 гишүүнтэй, түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүнтэй парламент хоёр жил гаруй хугацаанд бодит үр дүн гаргасангүй гэх шүүмжлэлийг өнөөдөр бүрэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Энэ хугацаанд нэг ч том реформ, иргэдийн амьдралд шууд мэдрэгдэхүйц хууль, бодлогын өөрчлөлт хийгдээгүй. Харин ч инфляц өсөж, ажилгүйдэл нэмэгдэн, эрүүл мэнд, боловсролын салбар доройтсоор байхад УИХ-ын танхимд эдгээр асуудлыг голлон хэлэлцсэн бодит мэтгэлцээн өрнөсөнгүй.
Харин ч эсрэгээрээ парламентын индрээс фракцын зодоон, дэд сайдын томилгооны маргаан, дарга нарын суудлын төлөөх хэрүүл тасралтгүй үргэлжиллээ. Хууль тогтоогчид ард түмний амьдралыг сайжруулахын оронд цаг заваа эрх мэдлийн төлөөх тэмцэлд үрсэн нь өнөөдрийн бодит үнэн болж байна. Үр дүнд нь улс төрийн тоглолтын золиос нь энгийн иргэд болж үлдэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдэж буй нь сөрөг хүчний жинхэнэ үүрэг биш гэдгийг олон нийт онцолж байна. Хэрэв АН үнэхээр иргэдийн төлөө ажиллаж, бодлогын сөрөг хүчин байя гэвэл эдийн засгийн доройтол, төсвийн алдагдал, уул уурхайн ашиг, баялгийн шударга бус хуваарилалт зэрэг суурь асуудлуудаар тодорхой санал, бодит хууль санаачлах ёстой байв. Гэтэл өнөөдрийг хүртэл ийм агуулгатай дорвитой санаачилга харагдсангүй.
Нийгмийн зүгээс хууль тогтоогчдоос нэг л зүйлийг шаардаж байна. Энэ нь хэн хэнийг огцруулах, хэн ямар суудал авах тухай маргаан бус, харин иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах ажил. Парламент хоёр жилийн турш үхмэл байдалд орж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудад шийдэл санал болгож чадаагүй нь улс төрийн системийн хямралын үр дагавар.
Эцэст нь дүгнэхэд, өнөөдрийн УИХ эрх мэдлийн төлөөх зодоондоо автаж, ард түмний итгэл, амьдралыг хойш нь тавьсан хэвээр байна. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл парламентын хямрал зөвхөн улс төрчдийн асуудал биш, бүх нийтийн амьдралд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл болж хувирах нь цаг хугацааны асуудал болохоор байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ