МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД КАТАР УЛСЫН АГААРЫН ЦЭРГИЙН БААЗАД ЗОЧИЛЛОО
Катар Улсад зохион байгуулагдаж буй батлан хамгаалах салбарын техник, технологийн “DIMDEX-2026” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Мөн үеэр Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Б.Баатар тэргүүтэй БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол нар Катарын Эмирийн Агаарын хүчний "Dukhan" бааз болон Зэвсэгт хүчний Олон талт сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчид 2018 онд байгуулагдсан Катарын Агаарын хүчний гурав дахь гол бааз болох "Dukhan"-д зочлох үеэрээ сөнөөгч онгоцны нисгэгчдийг бэлтгэх үйл явцыг газар дээр нь үзэж сонирхов. Тус бааз нь Франц улсаас нийлүүлсэн Dassault Rafale загварын сөнөөгч онгоцны тусгай хороо болон орчин үеийн нислэг үйлдвэрлэлийн симмулятор, дэвшилтэт программ хангамж бүхий сургалтын төвтэй юм.
Баазын удирдлагын зүгээс тус төвийг ирээдүйд бүс нутгийн хэмжээний сургалтын зангилаа болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид анх удаа зочилж буйг онцлон тэмдэглэлээ.
Харин Катар Улсын Зэвсэгт хүчний Олон талт сургалтын төвийн тухайд стратегийн түвшний бэлтгэл сургалт болон олон улсын хамтарсан операцын төлөвлөлтийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр талууд:
• Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шийдэмгий шийдвэр” хамтарсан сургуулийн цар хүрээг нэмэгдүүлэх.
• Нисгэгч болон командлалын бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэхэд орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах туршлага судлахаар харилцан тохиролцлоо.
Энэхүү айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргах, ялангуяа агаарын цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал түлхэц боллоо гэж талууд дүгнэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ