Х.Булгантуяа: ''Би оргон зайлаагүй''
УИХ-ын дэд даргаар ажиллаж байх үедээ Үндсэн хууль зөрчсөн хурал даргалсан нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа удаан хугацаанд нам гүм байсны эцэст өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. Энэхүү тайлбар нь түүнийг тойрсон улс төр, хууль зүйн ноцтой асуудлуудад хариу өгөхөөс илүүтэйгээр нийгэмд үүссэн хардлагыг зөөллөх оролдлого байв.
Тэрбээр өөрийгөө “оргон зайлж гадаад явсан” гэх мэдээллийг үгүйсгэж, Монгол Улсад байгаагаа онцолжээ. Олон улсын хуралд цөөн хоног оролцохдоо хууль, намын журмын дагуу зөвшөөрөл авсан гэдгээ тайлбарласан нь хувь хүний хувьд зүй ёсны тайлбар.
Анхаарал татах нь, Үндсэн хуулийн цэцээс тогтоосон зөрчил гаргасан үйлдэлд улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээх тухайд түүний тайлбарт нэг ч өгүүлбэр байсангүй. Харин намын дотоод үйл ажиллагаа, Эмэгтэйчүүдийн холбооны чуулган, цаашлаад эцэг эхийн өдөр тутмын амьдралыг дурдсан нь өөрийг нь чиглэсэн дайралтын эрчийг сулруулах, анхаарлыг өөр тийш чиглүүлэх сонгодог тактик гэж харагдав.
Х.Булгантуяагийн даргалсан чуулганы хуралдаан нь хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон. Гэтэл уг шийдвэрийн дараа хэн нь ч УИХ-ын индрээс, улс төрийн хариуцлагын талаар ил тод байр суурь илэрхийлээгүй нь парламентын засаглалын сул талыг харуулсан үйл явдал болсон юм.
УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн хууль батлагч бус, Үндсэн хуулийг сахин хамгаалагч. Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон нөхцөлд “гадаад явсан эсэх” маргаан бол үнэндээ аравдугаар асуудал юм. Гол асуулт нь уг зөрчилд хэн, хэрхэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр үлдэж байна.
Хэрэв Үндсэн хуулийн зөрчил гаргасан гишүүд чимээгүй өнгөрч чаддаг жишиг тогтвол маргааш хууль зөрчсөн дараагийн шийдвэрт хэн хариуцлага нэхэх вэ гэдэг асуулт гарцаагүй босно.
Тэгээд ч Х.Булгантуяа хаана байсан, юу хийж явсан нь сонин биш, Үндсэн хууль зөрчсөн үйлдэлд нь улс төрийн хариуцлага бодитоор тооцдог тогтолцоо энэ удаа ажиллах эсэх л чухал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ