МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗХЖШ-Т АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд оролцлоо. Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026 оныг “Залуу офицерын хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор залуу офицеруудад бүх талаар сурч, хөгжих боломжийг бүрдүүлэх, залуусыг цэргийн албаар дамжуулан цэргийн эрдэмд сургахын зэрэгцээ зөвөөр хүмүүжүүлэх, үндэсний бахархал, оюун санааны дархлаатай иргэд, өрх гэр толгойлон авч явах эр хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгосон юм.
Энэ үеэр “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямбад эш хөргийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт жил бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой явагдаж ирсэн. Энэ удаад Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх асуудлыг хөндөж, удирдах бүрэлдэхүүний санал санаачилга, идэвхтэй оролцоог технологийн дэвшилд суурилан хангах зэрэг шинэлэг арга хэлбэрээр явуулж буйгаараа онцлог юм.
Цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга, аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар зэрэг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ