Үхлийн аюултай Нипах вирус гэж юу вэ?
Нипах вирус гэж юу вэ? Энэ вирус нь амьтнаас хүнд халдварладаг, нас баралт өндөртэй аюултай вирус бөгөөд ихэвчлэн жимсний сарьсан багваахайгаас дамждаг. Халдвар авсан хүн халуурах, толгой өвдөх, амьсгалын хүндрэл үүсэх ба хүнд тохиолдолд тархины үрэвсэл, үхэлд хүргэх эрсдэлтэй.
Одоогоор батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй тул урьдчилан сэргийлэлт хамгийн чухалд тооцогдож байна. Нипах вирусийн халдвар одоогоор дэлхий даяар өргөн тархаагүй ч Энэтхэг, Бангладеш зэрэг Өмнөд Азийн орнуудад хязгаарлагдмал тохиолдлууд бүртгэгдэж байна.
Нас баралт өндөртэй уг вирусийн эсрэг батлагдсан вакцин байхгүй тул улс орнууд хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаад байна.
Үүнтэй холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас доорхи зөвлөмж гаргажээ. “
Сүүлийн өдрүүдэд “Нипах” вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг болон өндөр эрсдэлтэй бүс нутаг аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна.
Бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна.
Дээр дурдсан бүс нутагт зорчиж буй Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
- Гадаад харилцааны яамтай +976-72774444 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан,
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамтай +91 92660 25777 дугаарын шуурхай утас болон delhi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ