НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч, томилолтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан талархал илэрхийллээ.
Уулзалтаар дэд сайд Б.Солонгоо ноён Коуасси-Комланыг Монгол Улсад ажиллах хугацаандаа хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг тууштай дэмжиж, үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.
Тэрээр хүүхэд хамгааллын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэл, холбогдох дүрэм, журам боловсруулах, батлуулах, мөн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.
Мөн уулзалтын үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ноён Коуасси-Комлан бодитой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Дэд сайд Б.Солонгоо түүнийг Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.
Ноён Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ: “Өнөөдөр миний бие Монгол Улс дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн ажлаа хүлээлгэн өгч байгаа боловч цаашид Монгол Улстай эргэх холбоотой ажиллах бөгөөд хүүхэд хамгааллын чиглэлээр үргэлж дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ