Э.Бат-Амгалан: ₮6.8 тэрбум надад хамааралгүй

img

 

Э.Бат-Амгалан: “Миний дүүгийн компани руу орсон 6.8 тэрбум төгрөг надад хамааралгүй”

УИХ-ын гишүүн, Орон сууцжуулалт, барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалангаас түүний дүүгийн эхнэрийн компанийн данс руу 6.8 тэрбум төгрөг шилжсэн гэх асуудлаар тодрууллаа.

Санхүүгийн баримтад дурдсанаар УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр, “М Ойл” группийн ерөнхийлөгч Р.Батбаярын компаниас нийт 6.8 тэрбум төгрөгийн дүн бүхий зургаан удаагийн гүйлгээ сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Э.Энхмаагийн эзэмшдэг “Би Эй Ти Девелопмент Партнерс” ХХК-ийн данс руу орсон байна.

“Би Эй Ти Девелопмент Партнерс” ХХК-ийг Э.Энхмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгуулжээ. Тус компани 2021 оны нэгдүгээр сарын 22-нд “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болсон байна. Opendata.mn сайтад бүртгэгдсэн мэдээллээр Э.Батбаяр нь “Бльюмон металс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байжээ.

Энэ талаар сайд Э.Бат-Амгалангаас тодруулахад дараах хариултыг өглөө.

– Танай дүүгийн эхнэрийн компанийн данс руу 6.8 тэрбум төгрөг шилжсэн гэх мэдээлэл гарсан. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

– Хэвлэлээр янз бүрийн зүйл гарч байдаг. Би өөрийн мэдэж байгаа хүрээнд мэдэгдэл хийсэн. Миний дүү 40 гарсан эр хүн. Монгол Улсын хуулийн хүрээнд бизнес эрхэлдэг. Би өмнө нь ч хэлсэн, “40 гарсан хүнийг зааж зөвлөөд явна гэж байхгүй”. Монгол Улсад бизнесийн хүрээ жижгэвтэр. Бүгд бие биеэ мөрдөж мөшгөөд явна гэж байхгүй. Ямар асуудал байгаа, ямар хамаарал байгааг манай дүүгээс өөрөөс нь асуух хэрэгтэй. Энэ асуудал надад хамааралгүй.

– Тухайн компани танд сонгуулийн үеэр хандив өгсөн гэх мэдээлэл бий?

– Тийм зүйл ерөөсөө байхгүй. Хэрэв тийм мэдээлэл байгаа бол гаргаад ирэх хэрэгтэй.

“Би Эй Ти Девелопмент Партнерс” компани бол миний дүүгийн компани. Миний дүү надад хуулийн хүрээнд 30 сая төгрөгийн хандив өгсөн. Түүнээс биш тэр замын компаниас мөнгө авсан зүйл байхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ