''Халуухан хавар'' болох нь...
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хэн байхаас үл хамааран хулгайчид шийтгэлээ хүлээнэ. Энэ хавар халуухан болно гэсэн нь зүгээр ч хэлсэн үг биш байх. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хаврын чуулганаар дахин идэвхжинэ гэдгийн урьдчилсан дохио юм байна гэж олон тал үзэж байна.Тэрбээр хариуцлага, авлига, албан тушаалын хэрэг болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг ил тод шийдэх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн. Хэрэв УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүссэн байдал байна гэвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл асуудлыг хөндөх боломж байгааг хэлж, авлига, хулгайтай холбоотой томоохон маргаанууд хаврын чуулганаар дахин хөндөгдөнө гэдгийг сануулсан биз.
Үүнээс үзэхэд “халуухан” гэдэг нь улс төрийн халуун, маргаантай, зөрчил ихтэй улирал болно гэсэн илэрхийлэл юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтан байсан ч эрүүгийн шинжтэй асуудалд нэр холбогдсон бол шалгана, шаардлагатай бол яллагдагчаар татна, бүрэн эрхийн асуудал ч яригдаж магадгүй гэсэн улс төр, эрх зүйн сигнал өгсөн хэрэг. Нэр бүхий гишүүд яллагдагчаар татагдсан гэх мэдээллүүд, нам доторх зөрчил, парламентын удирдлагатай холбоотой маргаан, бас бус хууль зөрчсөн байж болзошгүй шийдвэрүүд давхцаж гарч ирж байна. Тиймээс “халуухан хавар” гэдэг нь популист үг биш, харин улс төрийн зөрчил, хариуцлагын асуудал хаврын чуулганаар задгай яригдана гэсэн анхааруулга гэсэн хүлээлт хэдийнэ бий болсон.
Д.Амарбаясгалан.
Д.Амарбаясгалан бол намын аппаратын гол хүн байсан. Генсек, УИХ-ын дарга гээд системийн яг төвд нь явсан нэгэн. Гэтэл МАН доторх нөлөөллийн тэнцвэр өөрчлөгдөж, даргын суудал, удирдлагын асуудал дээр зөрчил ил гарсч Г.Занданшатарын тал, Д.Амарбаясгалангийн тал гэсэн хуваагдал нь ил болсон. Улс төрд ийм үед хамгийн аюултай нь хэт эрт хүчээ сорих. Д.Амарбаясгалан буруу хүмүүстээ итгэснээр намын дотоод өрсөлдөөнд буруу тооцоо хийж улмаар ганцаардаж буй. Өнөөдөр түүнийг яллагдагчаар татаж, улс төрийн байр суурь нь мэдэгдэхүйц суларсан. Улс төрд нэг зарчим бий. Эрх мэдэлтэй байх үедээ чи хамгаалалттай байдаг. Харин эрх мэдлийн тэмцэлд ялагдвал хууль, ёс зүйн асуудал хамгийн түрүүнд сөхөгддөг. Гээд харвал Д.Амарбаясгалан яг энэ зарчмаар уруудаж яваа. Харин Х.Булгантуяа бол шинэ үеийн төлөөлөл, эдийн засгийн мэдлэгтэй улстөрч гэж харагддаг байсан. Гэхдээ Г.Занданшатарыг огцруулах процесс дээр ил тод, идэвхтэй оролцсон нь улс төрийн маш эрсдэлтэй нүүдэл болсон юм. ‘’Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ’’ гэдэг шиг Х.Булгантуяа булшаа өөрөө ухчихсан хүн. Улс төр бол шатар. Хэрэв чи хааныг унагах гэж оролдвол өөрийнхөө хамгаалалтыг маш сайн тооцох ёстой. Өнөөдөр түүнийг ч яллагдагчаар татсан гэх мэдээлэл явж байгаа нь улс төрийн хурц тэмцэл хувь хүний эрсдэл болж хувирсны илрэл нь.
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хамгийн их дуугардаг, реформ ярьдаг, авлигатай тэмцэнэ гэж ил тод мэдэгддэг байсан. Гэтэл одоо чив чимээгүй бүгчихсэн. Магадгүй нам доторх шинэ тэнцвэрийг ажиглаж, түр хүлээж байгаа стратеги, эсвэл үнэхээр тоглоомын тойргоос аажмаар зайлуулж буй улс төрийн процесс болж байна гэж л таамаглаж байна. Яахав улс төрд чимээгүй байх нь заримдаа маш зөв тактик ч гэлээ хэт удаан чимээгүй байвал нөлөөллөө алддаг жамтай. алдагддаг. Хаврын чуулган хаяанд ирж байна. Чуулган эхэлмэгц яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийн асуудал үүнийг дагасан намын дотоод зөрчил, үндсэн хуулийн маргаан гээд олон асуудал парламент дотор хэлэлцэнэ.Өөрөөр хэлбэл, хаврын чуулган хууль батлах гэхээсээ илүү хэн үлдэх вэ, хэн шахагдах вэ, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг улс төрийн сорилтын улирал болох нь нэгэнт тодорхой болсон. Б.Энхбаярын “халуухан хавар” гэдэг үгний цаад утга нь энэ. Одоо бол нам дотор эрх мэдлийн дахин хуваарилалт явагдаж байна, зарим улстөрч буруу тооцооллынхоо төлөөсийг улс төр, хууль зүйн эрсдлээр төлж байна. Халуухан байх нь тодорхой. Харин тэр халуунд хэн тогтож үлдэх вэ гэдгийг хаврын чуулган харуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ