ЦЭРГИЙН БҮЖИГЧИД “GRAND AWARDS-2025” НААДМЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс жил бүрийн Сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “GRAND AWARDS-2025” наадам 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү наадмын шилдгүүдээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, дуучин Ч.Уранхолбоо, “Sweetymotion” хамтлаг зэрэг урлаг соёлын алдартнууд тодорсон бөгөөд ЦДБЭЧ-ын Бүжигчид “ҮНДЭСНИЙ УРЛАГИЙГ ХИЛИЙН ЧАНАДАД СУРТАЛЧИЛСАН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” өргөмжлөл хүртлээ.
Цэргийн бүжигчид маань 2025 онд зохиогдсон Улсын болон Олон Улсын уралдаанд хамтлагийн төрөлд болон Гоцлол, цөөхүүл бүжгээр хамгийн олон шагнал хүртэн, ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “СПАССКАЯ БАШНЯ” Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-ын Буриад улсад айлчлан тоглож, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойгоор ОХУ-ын Агаар, сансрын хүчний дуу бүжгийн чуулгатай хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан зэрэг олон олон амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон байна.
“GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртсэн шилдэг хамт олон өнөөдөр чуулгынхаа нийт бие бүрэлдэхүүнд зориулсан Тайлант өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний ерөнхий менежер, Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Г.Золзаяа цэргийн бүжигчиддээ баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ