Б.Тулга: Б.Энхбаяраа чи битгий худал ярь

img

 

Сүүлийн үед хилийн зурваст газар ашиглуулахтай холбоотой асуудал нийгэмд нэлээд анхаарал татаж байна. 

Юуны өмнө, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг Засгийн газарт албан ёсоор өргөн мэдүүлж байсан. Энэ нь ганц хүний шийдвэр биш, хамтын шийдвэр байсан гэдгийг онцлох нь зүйтэй. Тухайн үед Үндэсний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан зарим гишүүд өнөөдөр ч Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Өмнө нь газар ашиглуулах зөвшөөрлийг өөр өөр байгууллагууд олгодог байсан нь зориулалтын зөрчил, төлөвлөлтийн уялдаа алдагдах зэрэг олон асуудал үүсгэдэг байсан. Иймээс төрийн өмчит корпораци байгуулж, боомт бүр дээр нэгдсэн ерөнхий төлөвлөлт хийж, батлагдсан төлөвлөгөөний дагуу хувийн хэвшлийг сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалт татах замаар боомтын хөгжлийг цэгцлэх бодлого барьсан. Үүний гол зорилго нь боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг өсгөхөд чиглэсэн.

Хэрэв Засгийн газар өмнө гаргасан шийдвэрээ цуцлах гэж байгаа бол энэ нь боомтын сэргэлтийн бодлогоос ухарч байна гэсэн үг. Ийм хэмжээний бодлогын асуудлыг Засгийн газар дотроо шийдэхээс илүүтэйгээр УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэж үзэж байна.

Өнөөдөр хилийн боомтууд дээр жолооч, зорчигчдод зориулсан наад захын үйлчилгээ, бие засах газар, хооллох цэг, амрах талбай хангалтгүй хэвээр байна. Боомтын сэргэлтийн хүрээнд энэ бүхнийг эмх цэгцтэй, төлөвлөлттэй болгох ажлууд хийгдэж эхэлсэн. Энэ бол хилийн аюулгүй байдалд халдсан асуудал биш, харин зохион байгуулалт, хөгжлийн асуудал.

Мөн хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг “хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулах нь өөрөө хууль бус гэсэн үг биш. Харин ч төрийн бодлого, нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагаа юм. Бусад хөрш орнууд ч хилийн бүсэд тулгаж төлөвлөлт хийдэг жишигтэй.

Иймд гарсан шийдвэрийг гуйвуулж, буруу ойлголт төрүүлэх байдлаар тайлбарлахын оронд бодит нөхцөл байдал, хамтын шийдвэрийн агуулгыг үнэн зөвөөр олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ