“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нараас санаачлан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бизнес эрхлэх орон зайг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хялбаршуулах, цахимжуулах, тоог цөөрүүлж, ангиллыг бууруулах, захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.
Хуулийн төслийн танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тус бүрээр авч хэлэлцлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Ренчиндорж хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь зөвшөөрлийн талаар танилцуулав. Манай улс гадаадад ажиллах хүч илгээх чиглэлд тусгай зөвшөөрөл олгодог. Энэ нь иргэдийг хохироохгүй байх, гэмт хэргээс хамгаалах зорилготой. Хүн худалдаалах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн чадамж 300 сая хүртэлх төгрөг зэрэг шаардлага тавьдаг. Одоогоор 67 аж ахуй нэгж байгууллага зөвшөөрөл авсан байгаагаас дийлэнх нь япон улс руу ажиллах хүч гаргах үйлчилгээ эрхэлдэг. Мөн гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой энгийн зөвшөөрлийг олгож байгаа, журмуудыг цөөрүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа гэсэн юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд нийт 17 төрлийн зөвшөөрлийг олгож байна. Цагдаагийн төв байгууллагаас олгодог 13 төрлийн зөвшөөрлийг олгохтой холбоотой 37 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Хил хамгаалах ерөнхий газраас дөрвөн төрлийн зөвшөөрлийг нийтдээ 13 мянга гаруй иргэнд олгоод байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтдээ 11 захиргааны эрх зүйн хэм хэмжээний актыг хүчингүй болгож, Эрх зүйн бүртгэлийн сангаас хасуулсан. Тухайлбал, 2025 онд Хууль зүй дотоод хэргийн яамнаас Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн журам, Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмыг тус тус хүчингүй болголоо хэмээн тус яамны төлөөлөл танилцуулсан юм. Эрүүл мэндийн салбарт ажил, үйлчилгээ эрхлэхэд олгодог тусгай болон энгийн зөвшөөрөл нь нэлээд ярвигтай, шалгуур, босго өндөр байх шаардлагатай тул хянамгай хандах хэрэгтэй болдог гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөл танилцуулгадаа өгүүлсэн.
Яамдын танилцуулгыг сонссоны дараа иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийлэн саналаа хэллээ. Тэдний олонх нь зөвшөөрлийн тоог цөөрүүлж, хялбаршуулах санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулсан явдалд талархахын зэрэгцээ төрийн үйлчилгээг ойлгомжгүй, ээдрээтэй болгож, дунд нь зуучилдаг бизнес хүртэл ажиллаж буйг таслан зогсоох шийдвэр гаргахыг хүсэж байлаа.
Ийнхүү Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр зохион байгуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгээр байгаль орчин, барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, боловсрол, харилцаа холбоо, банк санхүү зэрэг 16 салбарын зөвшөөрлийн талаарх танилцуулга мэдээллийг холбогдох яам, агентлагуудаас хийж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм.
Гурван өдөр үргэлжилсэн нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр суурь, саналаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ дээрх хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал хүлээн авч байгааг онцоллоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ