Монгол туульс рок төсөл “Эрийн сайн хан харангуй” туулиар эхэллээ

img

 

Хурд хамтлагийн гитарчин, төрийн соёрхолт, МУГЖ Д.Отгонбаярын санаачилсан төслийн нээлт Соёлын өвийн үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт хоёрдугаар сарын 28-нд боллоо.

Нээлтийн үеэр Монгол төрийн өргөмжит туульч, СГЗ А.Балдандорж, хөөмийч М.Саруултөгс нар “Хурд” хамтлагтай хамтран “Эрийн сайн хан харангуй” баатарлаг туулийг хайлж, өргөн олон түмэнд хүргэсэн талаар Соёлын өвийн үндэсний төв мэдээлэв.

Энэхүү төсөл монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх, эх түүх, өв соёлоороо дэлхийд бахархах үнэт зүйлсийг бэхжүүлэх, ЮНЕСКО-д бүртгэсэн соёлын биет бус өвийг үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд чиглэж байна. Түүнчлэн залуусын сонсох дуртай рок хөгжмөөр дамжуулан баатарлаг туульсаа сэргээн амилуулж, олон нийтэд сурталчлах зорилготой юм.

“Монгол туульс рок нэгдэл” нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэсэн Монгол туульсаар уран бүтээлээ эхлүүлж, цаашид соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг рок хөгжимтэй хослуулан шинэ хэлбэрээр хүргэхээр зорьж байна.

Ингэснээр үндэсний өв соёлыг орчин үеийн урлагийн хэлээр дамжуулан залуу хойч үедээ өвлүүлж, таниулан сурталчлах ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ