ARTEMIS II НИСЛЭГИЙН БАГ НОМХОН ДАЛАЙД АЮУЛГҮЙ БУУЛАА

img

 

АНУ-ын NASA-гийн хэрэгжүүлсэн Artemis II сансрын нислэг амжилттай өндөрлөж, багийн гишүүд Номхон далайд аюулгүй буулаа. Энэхүү нислэг нь хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа Сарыг тойрсон анхны аялал болж, сансар судлалын шинэ эрин үеийг эхлүүллээ

Artemis II нислэг нийт 10 орчим хоног үргэлжилж, сансрын хөлөг Сарыг тойрон нисээд эх дэлхийдээ эргэн ирсэн байна. Буух үед Orion капсул шүхрээ нээн, Номхон далайд зөөлөн газарджээ. Аврах баг богино хугацаанд капсулд хүрч, нисгэгчдийг аюулгүй гарган авсан байна.

Багийн 4 хүний бүрэлдхүүнтэй байсан ба Christina Koch,Victor Glover, Reid Wiseman, Jeremy Hansen нар бөгөөд Christina Koch нь Сарыг тойрсон анхны эмэгтэй, харин Victor Glover нь ийм төрлийн нислэгт оролцсон анхны африк-америк гаралтай сансрын нисгэгч болж түүхэнд бичигдлээ.

Artemis II нь 1972 оны Apollo 17-оос хойш хүн Сарыг тойрсон анхны тохиолдол болж байна. Энэхүү амжилт нь хүн төрөлхтнийг дахин Сар руу буцаах, цаашлаад Ангараг гаригт хүрэх урт хугацааны зорилгын чухал алхам боллоо.

NASA дараагийн шат болох Artemis III нислэгээр Сар дээр хүн буулгах зорилготой бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Artemis II нислэг амжилттай хэрэгжсэн нь дэлхийн сансар судлалын салбарт шинэ хуудсыг нээж, хүн төрөлхтөн Сар руу эргэн очих бодит боломжийг улам ойртууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ