ХИМИЙН ХОРТОЙ БОДИС ИЛРҮҮЛЭН ХУРААЛАА

img

 

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 04 дүгээр сард ДЭМБ-гаас хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын төрөлд хамаарах “Мөнгөн ус”-ыг БГД-ийн нутаг дэвсгэрт нэр бүхий этгээдүүд нь бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг илрүүлэн эд мөрийн баримтаар 9,2 килограмм “Мөнгөн ус”-ыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөнгөн ус нь хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй, харин хэлбэрээ өөрчилж хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай.

Хууль тогтоомжууд:

Мөнгөн ус нь Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад хориглосон, хязгаарласан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралт”-ын 6 дугаарт багтсан байдаг.

Монгол Улс нь мөнгөн усны тухай “Минамата”-ийн конвенцид 2015 онд нэгдэн орж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ГХЗУС тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” гэж заасны хүрээнд иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ