ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзаж, салбарын хамтын ажиллагааны явц болон цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Т.Аубакир Европын Холбоо нь 1990 оноос хойш манай улсын нийгэм, эдийн засгийн салбарт бодит хувь нэмэр оруулж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг онцлов.
Хамтын ажиллагааны үр дүнд:
- Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, нэрийн дансны аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр TAIEX төсөлтэй амжилттай хамтран ажилласан нь Нийгмийн даатгалын багц хууль батлагдахад ач холбогдолтой дэмжлэг болсон.
- SOCIEUX+ хөтөлбөрийн хүрээнд Европын орнуудын шинжээчидтэй хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн ослын бүртгэлийг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр чадавх бэхжүүллээ.
- Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх шинэ төсөл хэрэгжиж эхлээд байна.
Уулзалтын үеэр дараах чиглэлүүдэд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Үүнд:
- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог их өгөгдөлд (Big Data) суурилан хөгжүүлж, бодит цагийн горимоор хянах, үнэлэх боломжийг бүрдүүлэх.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу кейс менежментийн аргачлалыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх.
- Ажилгүйдлийн даатгалын бодлогыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг үе шаттайгаар хамруулах механизмыг бүрдүүлэх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд Европын орнуудын сайн туршлагыг судлах, техникийн зөвлөмж авах.
Европын Холбооны төлөөлөгчид дээрх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж, салбарын шинэчлэлийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тогтов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ