ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА
ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын ЗХЖШ-ын дарга армийн генерал Валерий Герасимовын урилгаар Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй төлөөлөгчдийг ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал В.В.Герасимов хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцов. Армийн генерал В.В.Герасимов хэлсэн үгэндээ: “Бид Монгол Улсыг хамгийн чухал түншүүдийн нэг гэж үздэг бөгөөд бидний хамтын ажиллагаа сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, найрамдал болон итгэлцэлд тулгуурладаг” хэмээн онцлов.
Түүнчлэн стратегийн түншлэлтэй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, хамтарсан цэргийн сургууль, арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгааг тэмдэглээд энэхүү уулзалт хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Дэслэгч генерал С.Ганбямба иж бүрэн стратегийн түншлэлтэй манай хоёр орны харилцаа бүх салбарт, түүний дотор батлан хамгаалах салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Василий Осьмаков Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ганбямбыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд батлан хамгаалах салбар дахь харилцан сонирхол бүхий хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн юм. Уулзалт найрсаг, дулаан уур амьсгалтай ажил хэрэгч уулзалт боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ