“ЧӨЛӨӨЛЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо /MITA/ ТББ хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр (2026.04.27) байгууллаа.
Санамж бичигт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо /MITA/ ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баттулга нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарын тусгай болон энгийн зөвшөөрлийг цахимжуулах, шат дамжлагыг бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Мөн салбарын хүний нөөцийн дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах, инновацын шийдлийг төрийн үйлчилгээнд турших, IoT, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг систем, шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Манай салбарт нийт 47 тусгай болон энгийн зөвшөөрөл хэрэгжиж байсан нь иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний хүндрэл, давхардал үүсгэж ирсэн. Иймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд зөвшөөрлийн тоог 37 болгон бууруулах, цаашид үе шаттайгаар цөөлөх, зөвшөөрөл олгох үе шатуудыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Зөвшөөрөлтэй холбоотой олон шат дамжлага, техник, мэргэжлийн шинжтэй ажлуудыг салбарын мэргэжлийн байгууллагад шилжүүлснээр төр бодлого, хяналтын чиг үүрэгт төвлөрч, үйлчилгээний давхардал, чирэгдэл буурна. Энэ нь зөвхөн тоо багасгасан өөрчлөлт биш, харин төрийн процессыг илүү оновчтой, хурдан шуурхай, ил тод болгох бодит шинэчлэл юм. Цаашид зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, мэдээллийн нэгдсэн системд холбох, иргэн, аж ахуйн нэгжид цаг хугацаа, зардал хэмнэсэн, ойлгомжтой үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо.
Талууд байгаль орчны хууль тогтоомж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд илүү ойлгомжтой хүргэх, салбарын үйл ажиллагааг цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцов.
Санамж бичиг нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ