ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД 300 ГАРУЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧ БҮСГҮЙ ОРОЛЦОНО

img

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд-20 жил” өдөрлөгийг ЗХЖШ-аас 05 дугаар сарын 26-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Өдөрлөгийг “Олон улсын энхийг сахиулах өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Гадаад харилцааны яамны удирдлага, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Яап Ван Хиерден зэрэг олон хүндтэй зочид, 300 гаруй энхийг сахиулагч бүсгүйчүүд оролцоно.

Өдөрлөгийг хүндэтгэлийн, уулзалт ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулах юм. 

Ташрамд онцлоход, хурандаа Н.Нямжаргал 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын Баруун Сахар дахь "MINURSO" энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсын цэргийн бүсгүйчүүдийн энхийг сахиулах үйлс дэх зам мөр нээгдсэн түүхтэй. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд эмэгтэйчүүдийнхээ оруулж буй хувь нэмрээр зүүн хойд Азидаа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Яг одоо ажиллагааны газар оронд 80 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ