ГУРАВ ДАХЬ УДААГИЙН МАЛТЛАГААР 40 ГАРУЙ ШАРИЛЫН ҮЛДЭЦ ИЛРҮҮЛЭЭД БАЙНА

img

 

Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедиц Дорнод аймгийн Халх гол сумын Халхын голын байлдаан болсон газар оронд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр гурав дахь удаагийн малтлагын ажлыг эхлүүлээд байгаа билээ. 

 Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 2024 оны яриа хэлэлцээрт Халхын голын байлдааны тулааны талбарт хамтарсан хайгуулын экспедицийг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу хамтарсан хайгуулыг 2025 оны 05, 09 дүгээр саруудад хоёр удаагийн цувраагаар зохион байгуулсан юм. 

Тэгвэл гурав дахь удаагийн хамтарсан хайгуулын экспедиц энэ сарын 15-ны өдрөөс эрэл хайгуулаа эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар 40 гаруй шарилын үлдэц болон эдэлж хэрэглэж байсан түүхийн олдворуудыг илрүүлж, Буйр нуурт хайгуулын анхны шумбалтыг тус тус зохион байгуулаад байна.     Энэ удаагийн малтлагаар ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд байгуулсан түр лабораторид олдворуудыг нарийвчлан шинжилж, тэдгээрийн хэн болох, ямар зориулалттай эд зүйлс болохыг тогтоон баримтжуулах судалгааг явуулж байгаагийн дүнд 40 гаруй шарилын үлдэцийг илрүүлсэн даруйдаа 6 цэргийн алба хаагчийнх нь нэр усыг тогтоогоод байна. Түүхийн баримтуудын тухайд олон үнэ цэнтэй олдворууд багтсан ба түүний дотор Орос цэргийн эхнэртээ бичсэн захидлыг олсон мэдээллийг хайгуулын багийнхан өглөө. 

Монголын талаас тус малтлагыг Хуурай замын цэргийн командлалын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий удирдан ажиллаж байгаа бөгөөд ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 284, 327 дугаар анги, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын алба, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын алба хаагчид, ОХУ-ын талаас Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташегийн алба болон мэргэжлийн шинжээч, шумбагчид гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ