Б.Пүрэвдагва: Бидний хийх ажил хурдтай, хүрэх үр дүн тодорхой, бодитой байх ёстой
НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын санал авсан Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгийг хүргэе.
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид өө,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өндөр хариуцлагатай албан тушаалд дэмжиж, итгэл хүлээлгэсэн нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхийг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлье.
Миний бие ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд өсөж хүмүүжсэн залуу үеийн төлөөлөл,
Өнгөрсөн хугацаанд өрнөсөн их хотынхоо хөгжил дэвшил, иргэдийнхээ зовлон жаргалыг мэдэх нийслэл хотын унаган иргэн.
Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг дараах 3 үед хуваан авч үзэх боломжтой.
1990-ээд онд бид шилжилтийн үеийг туулсан. Хотын хүн ам, эдийн засаг, дэд бүтэц зах зээлийн эдийн засаг, бизнес, эрх зүйн цоо шинэ орчинд дасан зохицож эхэлсэн.
2000 оноос Улаанбаатар хот их нүүдэлд дарагдаж, гэр хорооллын тэлэлт эрчимжиж, хотын суурь үйлчилгээний ачаалал эрс нэмэгдсэн.
2010 оноос дэд бүтэц, зам тээвэр, агаарын бохирдол, орон сууцны хүртээмж зэрэг асуудлууд хотын хөгжлийн гол сорилт болсон.
Энэ хугацаанд нийслэл Улаанбаатар хот маань асар хурдтай өөрчлөгджээ. Тухайлбал,
- Нийслэл Улаанбаатар хотын хүн амын тоо 3 дахин өсөж, 1.7 саяд хүрлээ.
- 2000 онд хотын ДНБ 637 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 62.8 их наяд төгрөгт хүрч, 98 дахин өслөө.
- Нэг хүнд ноогдох ДНБ 884 мянган төгрөг байсан бол 37 сая төгрөгт хүрч, 10 мянган ам.долларыг давлаа.
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь Улаанбаатар хотод төвлөрч, улсын хэмжээнд ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна.
Улаанбаатар бол улс орны нүүр царай, өнгө төрх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын таталцлын төв учраас бидний асуудал дан ганц нийслэлчүүдийн асуудал биш ээ. Харин Монгол Улсын үндэсний хэмжээний хөгжлийн сорилт бас боломж юм.
Нийслэлийн хөгжлийг эдийн засгийн тоон утгууд, өндөр шилэн барилгуудаар дүгнэвэл асар их өөрчлөлт гарсан. Гэвч төлөвлөгөө гүйцэтгэлийн зөрүү, төсөөлөл бодит байдлын ялгаа, түр зуурын аргацаасан шийдлүүдээс шалтгаалан иргэдийн амьдралын чанарт үзүүлэх бодит нөлөө чамлалттай хэвээр байна.
Цаашид бид хөгжлийг өндөр барилга, өргөн замаар бус иргэдийн бодит орлого, амьдралын чанар, хүртээмжтэй орчин зэрэг дэлхийн бусад хотуудын жишигт нийцсэн шинэ стандарт, шинэ соёл, шинэ хандлагаар тодорхойлох цаг болжээ.
Эрхэм төлөөлөгчид өө,
Миний бие Та бүхний хамтдаа баталсан Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэл, амжилттай хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэн, иргэддээ амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
Би хотын даргаар ажиллахдаа улстөржихгүй ээ. Бидэнд улстөржих цаг хугацаа байхгүй. Бидний хийх ажил хурдтай, хүрэх үр дүн тодорхой, бодитой байх ёстой.
Нийслэлд хэрэгжиж буй 31.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 16 мега төслийн нийт гүйцэтгэл 2025 оны эцсээр 10 хувь, 2026 онд 34 хувь, 2028 онд 79 хувьд хүрэхээр төлөвлөгджээ. Эдгээр төслүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг дахин тооцох, бодит дүгнэлт хийх, иргэдэд мэдээллийг ил тод хүргэх шаардлага үүссэн гэж харж байна.
Энэ бол төслүүдийг гацаах, зогсоох бус нөөц боломж, эрсдлээ бодитоор тооцож, үр ашгаар нь эрэмбэлэн, үр дүнг нь сайжруулахын тулд авч буй шуурхай арга хэмжээ байх болно.
Том төсөл эргэлзээн дээр биш итгэлцэл дээр босдог. Иргэдийн хэрэгцээ шаардлагад үндэслээгүй, итгэл дэмжлэгээс нь алсарсан, аливаа хууль бус үйлдэл тогтоогдсон тохиолдолд ямар ч гоё нэртэй төсөл амжилттай үргэлжлэх боломжгүйг бид ойлгох ёстой.
Дэд бүтэц, түгжрэл, агаар орчны бохирдол, эрчим хүч дулааны дутагдал зэрэг хотод тулгамдсан асуудлууд хоорондоо нягт холбоотой. Тиймээс асуудлуудыг тус тусад нь биш, харилцан уялдаатайгаар, цогцоор нь төлөвлөж шийдэх шаардлагатай байна.
Манайхтай адил түгжрэл, төвлөрөл, агаарын бохирдол, дэд бүтцийн хүртээмжгүй байдлыг амжилттай даван туулсан хотууд дэлхий дээр олон бий. Эдгээр хотын нийтлэг туршлага бол урт хугацааны зөв бодлого, тууштай хэрэгжилт, иргэдийн дэмжлэг гэсэн гурван тулгуур дээр суурилсан байдаг. Бид Олон Улсын сайн туршлага, нийтлэг зарчмуудыг нэвтрүүлж ажиллах шаардлагатай.
Төр, иргэний итгэлцэл амлалт дээр биш ил тод, нээлттэй, тодорхой байдал дээр бий болдог. Тиймээс иргэд хотын төсөв, тендер, төслийн явц, шийдвэрийн мэдээлэлтэй бодит хугацаанд нь танилцаж, хянах, санал өгөх боломжийг бий болгоно.
Нийслэлд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, зарцуулж буй хөрөнгө, үзүүлж буй үйлчилгээний үр дүн иргэдийн амьдралын чанар хэрхэн бодитоор сайжирснаар л хэмжигдэнэ. Тиймээс үр дүнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын механизмийг сайжруулна.
Хот бол хуулийн өмнө хүн бүхэн, иргэн бүр эрх тэгш байх шударга ёсны зарчмын үлгэр дууриалал байх ёстой. Авлига, хүнд суртлыг уриа лоозонгоор биш, хүний оролцоог багасгах процессын дахин инженерчлэл, технологийн шийдлээр бууруулах сайн жишгүүдийг нэвтрүүлнэ.
Бид прагматик, шинжлэх ухаанч арга барилаар ажиллана. Эрдэмтэн судлаачдынхаа зөвлөгөөг иргэдийн саналтай хослуулсан шийдвэр хамгийн оновчтой, урт хугацаанд тогтвортой хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр үүсээд буй олон асуудлын суурь нь иргэдээ сонсоогүй, дур зоргоороо гаргасан шийдвэрүүдээс үүссэн гэдгийг бид мартаж болохгүй.
Аливаа эрх мэдэл, төсөв санхүү ард иргэд, татвар төлөгчдөөс эхтэй. Эдийн засгийн хүндрэл, геополитикийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа ээдрээтэй цаг үед ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж, эх орондоо баялаг бүтээж буй иргэн, аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллана.
Хотын даргын хувиар аливаа төрлийн татвар, төлбөр нэмэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна.
Засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг нийслэлийн хөрсөнд буулгаж хэрэгжүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, “Төр бизнестэй өрсөлдөхгүй байх” зарчмыг баримтална. Миний хамгийн ойр ажиллах хүмүүс бол нийслэлийн иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд байх болно.
Нийчлэлчүүдийн хүсэж буй хот маш тодорхой байна. Иргэд “Залуу гэр бүлд ээлтэй, хүртээмжтэй орон сууц”, “хүүхэд өсгөхөд аюулгүй, эрүүл орчин”, “түгжрэл, утаа багатай, тав тухтай, соёлтой хот”-ыг хүсэж байна. Ийм хотыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал юм.
Эрхэм нийслэлчүүд ээ,
Бидний хүсэж буй “Шинэ үеийн Улаанбаатар” гэдэг бол,
- Амьдрах өртөг тэнцвэртэй
- Амьдралын чанарт төвлөрсөн
- Хүртээмжтэй орон сууцны системтэй
- Улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон
- Төрийн үйлчилгээний стрессгүй хотыг хэлнэ.
Цаашид хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулж, хүүхэд залуусын хөгжлийн орон зайг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.
Дарга биш иргэн төвтэй, цемент биш ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, авто машинд биш хүнд зориулсан “ШИНЭ ҮЕИЙН УЛААНБААТАР”-ыг бүтээхийн төлөө иргэндээ ойр, ил тод, нээлттэй, хариуцлагатай, хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлье.
Баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ