“Эрдэнэс Монгол” менежментийн шинэ загварт шилжинэ

img

 

Засгийн газар “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийг өөрчилж, “Чингис хаан баялгийн сан корпорац” байгуулах шийдвэр гаргалаа. Үүнтэй хамт тус нэгдлийн харьяанд байсан 10 компанийг татан буулгаж, 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж мэдэгдэв.

Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн удирдах вэ гэдэг бодлогын том сорилт гэж дүгнэж болох талтай.

Сүүлийн хорь гаруй жилд Монгол Улс уул уурхайн асар их боломж ярьсан ч баялгаа тогтвортой өсгөж чадсан түүх ховор. Нүүрсний үнэ өсөх үед эдийн засаг тэлж, үнэ унах үед төсөв хүндэрдэг мөчлөгөөс бид бүрэн гарч чадсангүй. Төрийн өмчит компаниуд улс төрийн нөлөө, томилгоо, үр ашиггүй зардлын шүүмжлэлд олон жил өртөж ирсэн ч шинэчлэл огт хийгддэггүй.

Тиймээс өнөөдрийн шинэчлэл тодорхой хэмжээнд зайлшгүй алхам байлаа.

Засгийн газрын ярьж буй гол санаа нь “Эрдэнэс Монгол”-ыг уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог бүтэц биш, харин хөрөнгө удирддаг, хөрөнгө оруулалт татдаг, баялгийн өгөөжийг өсгөдөг санхүүгийн байгууллага болгох зорилготой. Хэрэв энэ зорилго бодитоор хэрэгжвэл Монгол Улс байгалийн баялгаа зөвхөн олборлож зардаг биш, урт хугацаанд өсгөж арвижуулдаг тогтолцоо руу шилжих боломжтой. Гэхдээ шинэ бүтэц байгуулахдаа биш гол нь тогтвортой ажиллах орчин байдаггүйд асуудал бий.

Манай улс төрийн хамгийн том сул тал бол залгамж чанаргүй байдал. Нэг Засгийн газар өмнөхөө үгүйсгэж, шинэ бүтэц байгуулдаг. Дараагийн Засгийн газар нь өмнөх шинэчлэлээ дахин өөрчилдөг цикл тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Төрийн байгууллагууд хүртэл дарга солигдох бүрт бодлогоо сольдог тогтолцоонд баялгийн сан шиг урт хугацааны бүтэц тогтвортой ажиллахад амаргүй.

Өнөөдөр “Чингис хаан баялгийн сан” байгуулагдаж байгаа ч дараачийн Засгийн газар нь гарч ирээд л удирдлагыг нь сольж, хөрөнгө оруулалтын чиглэлийг нь өөрчлөөд сангийн мөнгийг улс төрийн зорилгод ашиглах магадлал туйлын өндөр. Манайх шиг  институциос илүү улстөрч төвтэй тогтолцоо давамгайлдаг газар хамгийн том эрсдэл хэвээр байна. Хууль, дүрэм, мэргэжлийн удирдлагаас илүү эрх барьж буй хүмүүсийн улс төрийн сонирхол шийдвэрийг тодорхойлдог хэвээр байгаа цагт ямар ч баялгийн сан эрсдэлд орох боломж өндөр. Нөгөө талдаа төрийн өмчит компаниудыг татан буулгаж буй асуудал ч анхаарал татаж байна. Ашиггүй ажилласан компаниудыг цэгцлэх нь зөв ч яагаад ашиггүй болсон, ямар хариуцлага тооцох, ямар шалгуураар татан буулгаж байгаа талаар ил тод мэдээлэл өгөхгүй байгаа нь шинэчлэл гэхээс илүү улс төрийн бялуу хуваарилалт шиг харагдаж бас хардагдаж байна. Монгол Улс өнөөдөр байгалийн баялгаа хэрхэн удирдах вэ гэдэг бидний хамгийн том зовлонгийн нэг мөн. Нүүрс, зэсийн үнэ өндөр байх үеийн орлогоор төсвөө нөхөж амьдрах уу, эсвэл баялгаа ирээдүйн эдийн засгийн суурь болгох уу гэдэг сонголтын өмнө байна.  Хэрэв энэ сан улс төрөөс хараат бус, мэргэжлийн удирдлагатай, ил тод хяналттай ажиллаж чадвал Монголын эдийн засгийн шинэ үе эхлэхийг эдийн засагчид зөвлөж буй. Харин өмнөх алдаагаа давтаж, улс төрийн нөлөө давамгайлсан хэвээр үлдвэл “Эрдэнэс Монгол”-ын оронд өөр нэртэй, ижил асуудалтай бүтэц л үлдэх бизээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ