ҮХЦ улс төрийн шийдвэр гаргасан уу?
Үндсэн хуулийн Цэц өчигдөр /2026.05.27/ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг “зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа” томилно гэсэн хуулийн заалтын “зөвхөн нэг удаа” гэх хэсгийг хүчингүй болгов. Энэ бол Монголд шүүх эрх мэдэл улс төрөөс үнэхээр ангид байж чадах уу гэдэг том сорилтын эхлэл юм.
Цэцийн үзсэнээр тухайн заалт Үндсэн хуулийн 51.2 дахь хэсгийн агуулгыг давхардуулан хязгаарласан, өөрөөр хэлбэл Үндсэн хуульд байхгүй хоригийг хууль нэмж тогтоосон гэж үзжээ. Гэхдээ асуудал зөвхөн эрх зүйн техникийн маргаан дээр тогтохгүй байна. Харин ч энэ шийдвэрийн улс төрийн далд логик, институцийн үр дагавар илүү анхаарал татаж эхэллээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар нэг удаа томилох санал орж ирж байсан. Тэр үед “12 жил бол хэт урт хугацаа” гэсэн шүүмжлэл хуульчдын дунд хүчтэй өрнөж байв. Хуулийг эцэслэн тайлбарладаг институцэд цөөн хүн хэт удаан суувал шүүх өөрөө хаалттай бүлэглэл болж хувирах, улс төрийн тохиролцоо гүнзгийрнэ гэж үзсэн учраас тэр санаа унасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах нэрээр хязгааргүй хугацааны нөлөөлөл бий болохоос болгоомжилж байсан хэрэг.
Гэвч өнөөдөр эсрэгээрээ эрсдэл дагуулах шийдвэрийг ҮХЦ гаргачихлаа. Хэрэв Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дахин томилогдох боломжтой болбол мэдээж дараагийн бүрэн эрхийнхээ төлөө улс төрийн нөлөө рүү хүссэн хүсээгүй ойртож эхэлнэ. Томилгоо дахин авахын тулд эрх баригчдад, нөлөө бүхий улстөрчдөд таалагдах шаардлага үүсэх нь тодорхой. Институцийн хувьд энэ бол шүүхийн хараат бус байдалд хамгийн том эрсдэл.
Үндсэн хуулийн Цэц өөрөө үүний бодит жишээ болж буй. Цэцийн гишүүд зургаан жилийн хугацаатай томилогддог ч улиран томилогдох боломж нээлттэй байсаар ирсэн. Үр дүнд нь зарим гишүүн 18, бүр 20 жил ажилласан тохиолдол ч бий. Туршлагатай хүмүүс удаан ажиллаж, тогтвортой байдал бий болгоно гэж харагдаж болох ч бодит байдал дээр улс төрийн эрх мэдэлтэй хэт ойртсон тогтолцоо угсарсан гэдгийг УИХ дахь сөрөг хүчнийхэн хийгээд эрх баригч намын хэдэн гишүүд ч хэлдэг. Зарчмын хувьд шүүгч дахин томилогдох гэж санаа зовдоггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа хадгалах хэрэгцээ нь шийдвэр гаргах зарчимд нь нөлөөлөх ёсгүй. Харин улиран томилогдох боломжийг нээж өгсөн мөчөөс эхлээд шүүх эрх мэдэл улс төрийн таалалд өртөх эрсдэл дагуулдаг.
Тиймээс өчигдрийн шийдвэрийн цаана Цэцийн дарга ч бүрэн эрхийн хугацаагаа сунгах сонирхол байгаа юу гэсэн хардлага дагуулж буй.
Монголын шүүх тогтолцоо “хугацаатай хараат бус байдал” ба “хугацаагүй нөлөөлөл” хоёрын дунд гацчихсан явдал юм. Нэг талдаа богино хугацаатай, дахин томилогдох боломжтой систем шүүгчийг улс төрөөс хамааралтай болгодог. Нөгөө талдаа хэт урт хугацаа нь хариуцлагагүй эрх мэдлийг бий болгодог. Монголын шүүхийн шинэчлэл энэ хоёр туйлын дунд жинхэнэ тэнцвэрээ одоо хүртэл олж чадаагүй байна. Шүүхийн хараат бус байдал гэдэг ганцхан “хэнээс ч хараат бус шийдвэр гаргах” тухай ойлголт биш. Харин дахин томилогдохын төлөө хэнд ч таалагдах шаардлагагүй байх институцийн баталгаа юм. Хэрэв энэ зарчим алдагдвал шүүх гадна талаасаа хууль ёсны, бие даасан мэт харагдах ч цаагуураа улс төрийн чимээгүй тохиролцоонд үйлчилдэг тогтолцоо руу аажмаар гулсах аюул бодитой.
Өчигдрийн ҮХЦ-ээс гаргасан шийдвэр бол ганц заалт хүчингүй болгосон эсэх асуудал огт биш бөгөөд Монголын шүүх засаглал хуульд үйлчлэх үү, эсвэл эрх мэдлийн эзэддээ үйлчилдэг тогтолцоо руу улам ойртож байна уу гэдгийг л харуулчихлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ