Хууль сахиулах олон улсын академийн Бангкок дахь салбар төгсөгчдийн арга хэмжээг зохион байгууллаа

img

 

Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам нь Хууль сахиулах олон улсын академийн Бангкок дахь салбартай хамтран тус академийн төгсөгчдийн арга хэмжээг Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон Гаалийн ерөнхий газрын төгсөгчдийн төлөөлөл оролцсон байна. Монгол Улс 2017 оноос эхлэн тус академийн сургалтын хөтөлбөрүүдэд албан ёсоор хамрагдаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш хууль сахиулах болон шүүх засаглалын 85 мэргэжилтэн суралцаж төгссөн байна.
Төгсөгчдийн энэхүү арга хэмжээний зорилго нь Хууль сахиулах олон улсын академи, төгсөгчид болон АНУ-ын Холбооны хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршиж байв.
АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буанган хил дамнан үйлдэгдсэн гэмт хэргийн байнга хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн түншлэл онцгой ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн уулзалт нь зөвхөн дурсамжаа сэргээх тухай бус, харин хууль сахиулах болон шүүх засаглалын байгуулагын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгодог харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна” хэмээн онцоллоо.
Хөтөлбөрийн хүрээнд төгсөгчид АНУ-ын Үндэсний татварын алба, Тусгай алба, Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчидтэй уулзаж, мэргэжлийн туршлага солилцох үнэ цэнтэй боломжийг бүрдүүллээ. АНУ-ын төлөөлөгчид залилах болон санхүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ашигладаг шилдэг туршлага, арга зүйгээ танилцуулж, хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хамтын ажиллагаа болон олон улсын хууль сахиулах байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх боломжуудыг онцлон хэлэлцэв.
Монгол Улсын төгсөгчид өөрсдийн амжилттай туршлага, урам зориг өгсөн түүхүүдийг танилцуулж академийн сургалтаар олж авсан мэдлэг, ур чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрхэн бодитоор хэрэгжүүлэн, Монгол Улсын хууль сахиулах болон шүүх засаглалын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйгаа хуваалцсан юм.
Үр дүнтэй хэлэлцүүлэг, мэргэжлийн сайн туршлага солилцоо болон төгсөгчдийн идэвхтэй оролцоогоор энэхүү арга хэмжээ нь Хууль сахиулах олон улсын академийн Бангкок дахь салбар, Монгол Улсын холбогдох байгууллагууд болон АНУ-ын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, санхүүгийн гэмт хэрэг болон бусад 
үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл дэх уялдаа холбоог бэхжүүлэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ