ӨСВӨР НАСНЫ ОХИДЫГ КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өсвөр насны охидыг кибер гэмт хэрэг болон мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран сургалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 60 нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мөн 25 хорооны 46 нийгмийн ажилтан хамрагдав.
Монгол Улс олон улсын кибер аюулгүй байдлын индексээр 194 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “бэхжиж буй” ангилалд багтаж байна. Гэвч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд үүний улмаас охид, эмэгтэйчүүд хохирогч болох тохиолдол нэмэгдсээр байна.
Арга хэмжээний үеэр кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, олон улсад хэрэгжүүлж буй технологийн шийдэл, бодлого, сайн туршлагын талаар мэдээлэл хүргэж, оролцогчид санал бодлоо солилцон, харилцан туршлага хуваалцлаа.
Тус сургалт нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ