Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа
“ICOT V-2026” олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба эрхтэн шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нартай уулзаж, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хөгжил, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Эрхтэн шилжүүлэн суулгах салбар нь олон хүний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлдэг өндөр ач холбогдолтой чиглэл. Тиймээс олон улсын тэргүүлэх байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, дэвшилтэт технологи, шилдэг туршлагыг нутагшуулах замаар иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ