СЕХ-ны дарга, алба хаагчид БНСУ-ЫН ОРОН НУТГИЙН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Үндэсний сонгуулийн комиссын урилгаар Сонгуулийн ерөнхий хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга А.Анхбаяр, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Ц.Номин, Тамгын газрын референт Б.Уянга нар орон нутгийн сонгууль ажиглалаа.
2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр болсон 9 дэх удаагийн Орон нутгийн сонгуулиар 16 хот болон аймгийн захирагч, аймгийн дарга, боловсрол хариуцсан захирагч, дүүргийн 227 дарга, мөн хот аймгийн хурлын 933, дүүргийн хурлын 3034 консулыг сонгосон.
БНСУ сонгуулийн зохион байгуулалтын тухайд сонгогч саналаа өгөх олон хэлбэрийг ашигладаг. Тухайлбал, санал авах өдрөөс 19-өөс доошгүй хоногийн өмнө сонгогч хүсэлтээ гаргаснаар 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдийн аль нэгэнд санал авах байранд хаяг харгалзахгүйгээр урьдчилан саналаа өгчээ. Мөн санал авах өдрийг хүртэл 21 хоногийн турш сонгогчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудсыг гэрийн хаягаар хүргүүлж шуудангаар санал авсан. Урьдчилсан санал хураалт болон шуудангаар саналаа өгсөн сонгогчдын саналын хуудасны дугтуйг санал авах өдөр буюу 6 дугаар сарын 3-ны өдөр нээж, саналыг тоолдог.
Сонгуулийн санал авах өдөр 06:00-18:00 цагт сонгогчийн санал авч, Төв тооллогын төв дүнг гаргасан. Санал хураалтын явц болон дүнг нэгдсэн цахим самбараар шууд дамжуулан үзүүллээ.
БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс Олон улсын ажиглагчийн хөтөлбөр “International Election Observation Program (IEOP) 2026”-т 8 улсын сонгуулийн удирдлагын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулсан. Оролцогчид Үндэсний сонгуулийн комисст зочилж, урьдчилсан болон сонгуулийн өдрийн санал хураалтын үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалт, сонгогчдод хэрхэн сонгуулийн боловсрол олгож байгаа туршлага судалсан юм.
Хоёр улсын сонгуулийн байгууллага 2014 оноос хойш Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Ардчиллын төлөөх Солонгосын иргэний боловсролын хүрээлэн (KOCEI)-гийн үйл ажиллагаатай танилцах, иргэний болон улс төрийн намын боловсролын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ