БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

img

 

Баянгол дүүргийн нийт хүн амын 80 орчим хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд дүүргийн хэмжээнд 216 хуучны угсармал орон сууц байдаг.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 73 байрны 243 блокыг дулаалж ашиглалтад оруулсан бол шинэ төслийн хүрээнд 3 хорооны 5 байрыг металл фасадын технологиор дулаалж, иргэдэд хүлээлгэн өгөөд байна. Цаашид 38 байрны 86 блокыг нэмэлтээр дулаалахаар төлөвлөж байна.

Баянгол дүүрэг нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн "Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төслийн хүрээнд хуучны угсармал орон сууцнуудыг металл фасадаар дулаалах ажлыг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ашиглалтын хугацааг 20-30 жилээр уртасгах ач холбогдолтой юм.

Төсөлд хамрагдахын тулд тухайн байрны нийт оршин суугчдын 95 хувь нь зөвшөөрлөө гарын үсгээр баталгаажуулсан байх шаардлагатай. Үүний үндсэн дээр төслийн болон дүүргийн санхүүжилтээр нийт өртгийн 75 хувийг, үлдсэн 25 хувийг оршин суугчид хүүгүйгээр урт хугацаанд төлөх нөхцөлөөр дулаалгын ажлыг эхлүүлдэг.

Металл фасадын дулаалга нь зөвхөн барилгын өнгө үзэмжийг сайжруулахаас гадна ус, чийгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх, барилгын насжилтыг уртасгах, мөн дулааны шугам сүлжээний нэгдсэн удирдлагыг сайжруулах зорилгоор холигч насос, узелийн иж бүрэн засвар шинэчлэлийн ажлыг хамтатган хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ