“АСРАХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗАМЫН ЗУРАГЛАЛ БОЛОВСРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА" СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

img

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газраас “Асрахуйн эдийн засгийн замын зураглал боловсруулах хэрэгцээ шаардлага” сэдэвт уулзалт зохион байгуулж, төрийн байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүдтэй санал солилцлоо.

Уулзалтаар асрахуйн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлогын хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй асрахуйн ажлын ачаалал хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоонд нөлөөлж буй нөхцөл байдал болон асрахуйн ажлын эдийн засгийн үнэ цэнийг олон улсын түвшинд хэрхэн үнэлж буй талаар мэдээлэл солилцов.

Уулзалтад ГБХНХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбоо, Монфемнет үндэсний сүлжээ зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Түүнчлэн асрахуйн эдийн засгийн салбар дахь оролцогч талуудын зураглалыг боловсруулж, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асаргаа шаардлагатай бусад бүлгийн хэрэгцээнд суурилсан бодлого боловсруулах зорилгоор сургалт, семинар, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулах, улмаар Асрахуйн эдийн засгийн замын зураглалыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ