Баяр наадамд цолоо ахиулсан бөхчүүдээс допинг илрээгүй

img

 

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын урьдчилсан дүгнэлтийг Засгийн Газарт танилцуулсан. Энэ үеэр улсын баяр наадмын допингийн шинжилгээний талаар болон морины уралдааны талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Энэ жилийн баяр наадмаар шинээр цол авсан болон цолоо ахиулсан нэг ч бөхөөс допинг илрээгүй. Урьдчилсан байдлаар дөрөв давсан, аймгийн цолтой нэг бөхөөс допинг илэрсэн байж магадгүй талаар Германы талаас бидэнд цахимаар мэдэгдсэн байна.

Мөн баяр наадмын хурдан морины сэрвээний өндрийг дулаан мэдрэгчтэй буюу хиймэл оюунд суурилсан хэмжилтээр хийсэн. Харамсалтай нь явцын дунд буюу цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тооцоолол дээр доголдол гарсан. Гэхдээ нөөц хувилбар бэлдсэн байсны үр дүнд ганц нэг маргаан гарсныг эс тооцвол цаашид ийм маргаан гарахааргүй болж байна. Цаашид морины сэрвээ болон допингтой холбоотой асуудал гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Сур харваатай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй" гэв.

Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөхөөс шинжилгээ авсан юм. Үүнээс 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүйг албаныхан мэдэгдэж байв. Тэгвэл тавын даваанд унасан аймгийн цолтнуудаас допинг илэрсэн байж болзошгүй байна. 

Тодруулбал дөрөв давсан 28 аймгийн цолтноос 17 нь шинээр улсын цол авсан юм. Харин аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, У.Батцоож, аймгийн арслан Л.Даваажамц, Т.Дүүрэнсаран, Е.Көптелик, М.Гантулга, Х.Чойжилсүрэн, Б.Даваадалй, Б.Баянсүх, М.Эрхэмбаяр, М.Баяржавхлан 11 бөх тавын даваанд унасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ