“СУРГУУЛИЙН ЦАГДАА” ТӨСӨЛ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 9-Р САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 25 сургууль “Сургуулийн цагдаа”-тай болж, хүүхэд бүрд аюулгүй, ээлтэй суралцах орчин бүрдүүлэх төсөл 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх гэж байна. Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын сургуулиудыг “Сургуулийн цагдаа”-тай болгох санаачилга гаргасан.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БГДИТ-ын даргын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, хороод болон Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран ажиллаж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдлыг тодорхойлох зорилгоор Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 1,000 сурагчийг хамруулан 2025 онд судалгаа авчээ.
Судалгааны дүнгээс:
980 гаруй хүүхэд цахим болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн;
Судалгаанд оролцсон сурагчдын 27.1 хувь нь дээрэлхэлтэд өртсөн үедээ хэнд хандахаа мэддэггүй;
43.0 хувь нь нууцаар мэдээлэх боломж буюу “box form” хэрэгтэй гэж үзсэн;
39.4 хувь нь харилцааны сургалтыг нэмэгдүүлэх;
35.2 хувь нь сургуулийн орчин дахь хяналтыг чангатгах шаардлагатай гэж хариулсан байна.
Эдгээр судалгааны үр дүн нь хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг сайжруулах, сургууль орчмын эрсдэлийг бууруулах, үе тэнгийн болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Төслийг дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана.
Түүнчлэн өнөөдөр Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран “Сургуулийн цагдаа” төслийг дэмжиж, сургуулийн цагдаа нарт энгэрийн камер гардуулан өглөө. Энгэрийн камер нь алба хаагчийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байлгахын зэрэгцээ сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, үүсэж болзошгүй эрсдэл, зөрчлийн нөхцөл байдлыг баримтжуулахад чухал ач холбогдолтой юм.
Линкээр үзэх:
https://bayangolcouncil.mn/news/6a9533fc230c56bdd6a41010
СЭТГЭГДЭЛ БИЧИХ