Энэ сард хөрсөн дээр цочир хүйтрэл эрт ажиглагдах тул ургац хураалтын ажлыг цаг агаартай уялдуулан төлөвлөхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа

img

 

2026 оны наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн ихэнх нутгаар улаан буудай боловсрох шатандаа орж, төмсний ургалт хэвийн үргэлжилж байгааг Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлжээ. 

Тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх, Булган аймгийн зарим нутгаар 6, 7 дугаар сард хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон байна. Мөн агаарын температур ихэнх хугацаанд хэвийн байсан тул таримал ургамлын өсөлт, хөгжилд таатай байжээ. 

Харин есдүгээр сард цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Ялангуяа сарын эхэн болон сүүлээр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй бөгөөд зарим үед уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байна. 

Мөн шөнөдөө агаарын температур огцом буурч, хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ердийнхөөс эрт ажиглагдах магадлалтай байна. 

Иймээс тариаланчид цаг агаарын богино хугацааны мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, ургац хураалтын ажлаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зөв төлөвлөөрэй. 

Ургац хураах үед таримлын боловсролт, цаг агаарын нөхцөлөөс хамааран боломжтой үед нь хадаж, хураалтын ажлыг алдалгүй  хийх мөн комбайн болон бусад техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тохируулгыг урьдчилан шалгаж бэлтгэхийг зөвлөлөө. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ