7 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖСЭН 6 САЯ АМ.ДОЛЛАРЫН KOICA ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ДҮГНЭНЭ

img

 

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хүний нөөц, сургалт, судалгааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийн нэг болох ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх KOICA төсөл долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ дүгнэх шатандаа хүрлээ.

Төслийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын өгөөжийг хэлэлцэн дүгнэх хаалтын арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Corporate” зочид буудалд болно. БНСУ-ын Засгийн газрын 6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2019 онд эхэлсэн энэхүү төсөл нь МХТС-ийн удирдлага, боловсрол, судалгааны чадавхыг бэхжүүлэх, сургалт, судалгааны орчныг сайжруулах үндсэн дөрвөн чиглэлд хэрэгжсэн юм.

Тухайлбал, төслийн хүрээнд МХТС-д өндөр түвшний 10 сургалт, судалгааны лаборатори байгуулж, сургалтын болон судалгааны орчныг шинэ шатанд гаргалаа. Эдгээр лабораторийн зарим нь Монгол Улсад төдийгүй Азийн өндөр хөгжилтэй орнуудад ч ховор байдаг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор бүтжээ. Өндөр бүтээмжтэй тооцооллын лабораторид хиймэл оюун, их өгөгдлийн олон төслийг хийж байгаа бол Радио давтамжийн лабораторийг улсын хэмжээний итгэмжлэгдсэн лаборатори болгох ажил төгсгөлийн шатандаа явна.

Түүнчлэн Монгол-Солонгосын багш, судлаачдын хамтарсан 22 эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж, WoS-ын SCIE индекстэй сэтгүүлүүдэд 30 гаруй өгүүлэл хэвлүүлээд байна. Үүний сацуу бакалавр болон магистрын түвшний сургалтын 20 хөтөлбөрийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилж, оюутнуудын суралцах, дадлага хийх, судалгаа шинжилгээ явуулах боломжийг өргөжүүлжээ. Мөн 15 багшийг Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж, найман хичээлийн агуулгыг 100 хувь цахим хэлбэрээр явуулахаар хөгжүүлж, өнгөрсөн хичээлийн жилээс ашиглаж эхэлсэн юм.

ШУТИС дээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь гүйцэтгэл, үр өгөөжөөр KOICA байгууллагад өндрөөр үнэлэгдэж байгаа бөгөөд төслийн концепц болох "МХТС-ийн чадавх бэхживэл мэдээлэл холбооны тенологийн салбарын хөгжил, өрсөлдөх чадвар сайжирна. Үүнийг дагаад бусад салбарын бүтээмж, үр ашиг нэмэгдэж, Монгол Улсад цахим шилжилт, инновац өндөр түвшинд гарч, эрчимтэй хөгжлийн замд гарна” гэсэн хөгжлийн логик гинжин холбоос байлаа гэж дүгнэж болно. Хаалтын арга хэмжээний үеэр төслийн хүрээнд бий болсон гол үр дүн, сургалт, судалгаа, лабораторийн орчны шинэчлэл болон цаашид эдгээр боломжийг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцэх юм.

Мөн төслийн хүрээнд байгуулагдсан лабораториудын ашиглалтыг нэмэгдүүлж, зөвхөн МХТС-ийн багш, судлаач, оюутнуудаар хязгаарлахгүйгээр бусад их, дээд сургууль, судалгааны байгууллага болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын байгууллагуудтай хамтран ашиглах боломжийг хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэхүү төсөл нь ШУТИС-ийн МХТС-ийн сургалт, судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэхээс гадна Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын хөгжилд урт хугацааны бодит хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байна.

Төслийн зохицуулагч: А.Эрдэнэбаатар /Профессор/

Төслийн менежер: Пэк Сон Ук /Профессор/

Арга хэмжээ: ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA төслийн үр дүнг дүгнэх хаалтын үйл ажиллагаа

Хэзээ: 2026 оны есдүгээр сарын 11 Хаана: “Corporate” зочид буудал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ