ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛД АХБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Хүн ба нийгмийн хөгжил хариуцсан дэд дарга Аяако Инагаки тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөдрийг хүртэл олон төсөл, хөтөлбөрөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Цаашид Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн үйл ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтойгоо АХБ-ны зүгээс илэрхийллээ. Энэ бол манай улсын өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал алхам юм.
Мөн 225 сая ам.долларын санхүүжилттэй “Аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах” төсөл болон бусад хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг бодитоор сайжруулахын төлөө олон улсын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ