ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД АНГЛИ ХЭЛ ЗААЖ БУЙ ФИЛИППИН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

img

 

Баянгол дүүрэг “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх ЕБС-ийн багш, суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх санал санаачилгыг гарган улмаар 2025 онд Филиппин улсаас 19 англи хэлний багшийг урьж, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр төрийн өмчийн сургуулиудад багшлуулж эхэлсэн. 

Тус улсаас ирсэн багш нар манай сургуулиудад 2 дахь жилдээ багшилж байгаа бөгөөд 2026-2027 оны шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нартай өнгөрсөн нэг жилийн ажлын үр дүн, монгол хүүхдүүдийн хэл сурах онцлог, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийн талаар нээлттэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. 

Филиппин багш нарын хувьд Монгол Улсад ажиллаж, амьдрах бүх боломж нөхцөлөөр хангаж байгаад талархал илэрхийлээд "Монгол багш нар хүүхдүүдийг сурах бичигтэй илүү ажиллуулдаг, гэрийн даалгавар их өгдөг санагдсан. Иймд бид англи хэлийг хүүхдүүдэд аль болох сонирхолтой, хөгжилтэй байдлаар заахаас гадна ярианы ур чадварыг сайжруулахад илүү анхаардаг" гэсэн юм. 

Энэ үеэр багш нарт "Дүүрэг орон нутгийн хувьд Филиппинээс мэргэжлийн англи хэлний багш урьж, төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдэд хичээл заалгаж байгаа гол зорилго нь улсын сургуулийн сурагчид ч ОУ-ын түвшинд өрсөлдөхүйц хэлний мэдлэг эзэмшиж, IELTS-ийн өндөр оноо авах, улмаар дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн ирэх хавар болох Элсэлтийн шалгалтад хүүхдүүд бэлдэж өндөр оноо авахад анхаарал хандуулаарай. Дүүрэг орон нутгийн хувьд Та бүхнийг бүх талаар дэмжиж ажиллана. Манай дүүргээс санаачилж эхлүүлсэн энэ ажлыг зарим дүүрэг, аймаг орон нутагт жишиг болгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тул бүгд тал талдаа суурийг нь сайн тавьж өгөх ёстой" гэдгээ илэрхийллээ. 

Түүнчлэн манай дүүрэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн НЭГ жилийн хугацаанд зарим эерэг өөрчлөлт гарсан байна. Тодруулбал, дүүргийн БХ-ийн өгсөн мэдээллээр:

ЭШ-ын хэмжээст онооны дундаж сүүлийн 3 жил 500 орчим байсан бол одоо 521,9 болж өссөн,

Судлагдахууны стандарт хангалт-УШ 88,7, АДШ-88,9 болж нэмэгдсэн,

Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал авсан багшийн тоо 153 буюу нийт багш нарын 62 хувь болж тус тус өсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ