Ираны тухай Трампын илэрхийлэл хурц шүүмжлэл дагууллаа

img

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Небраска мужид цугларсан дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Иран улс Лос-Анжелес эсвэл Сан-Диего зэрэг АНУ-ын томоохон хотуудыг "устгах" боломжтойг илэрхийлсэн нь Калифорни мужийн Ардчилсан намын удирдлагууд болон түүний өөрийнх нь намын зарим гишүүдийн зүгээс хурц шүүмжлэл дагуулжээ.

Тус мужийн хөдөө аж ахуйн бүсэд болсон улс төрийн цуглааны үеэр Трамп дайны үеийн эдийн засгийн хүндрэл, золиослолын талаар ярихдаа "бидний хийсэн бүхний үр дүнд ирэх асар том ялалтыг харах" шийдвэр төгс байгаагаа илэрхийлжээ.

"Дахин хэлэхэд дайны улмаас үүссэн нөхцөл байдал бол хиймэл зүйл юм. Үнэ бага зэрэг өссөн ч энэ бол төлөхөд тийм ч их мөнгө биш" гэж тэр Небраска мужийн Гранд-Айленд хотод цугларсан олонд хэлсэн байна.

"Дэлхий ертөнц болон улс орноо аюулгүй байлгахын тулд төлж буй багахан үнэ шүү дээ. Тэд бүхэл бүтэн хотыг устгаж ч болохоор байлаа. Лос-Анжелесыг устгаг л дээ, Сан-Диегог ч юм уу. Энэ бол маш бага золиос бөгөөд удахгүй дуусах болно. Үнэн хэрэгтээ энэ бараг л дуусчихсан. Маш удахгүй, ямар нэгэн байдлаар эцэслэх болно” гэж Трамп цааш нь хэлжээ.

Мягмар гарагт Цагаан ордон түүний хэлсэн үгтэй холбоотой шүүмжлэлийг няцаасан байна.

"Ерөнхийлөгч Трампын хэлсэн үгэнд хэвлэл мэдээллийнхний үзүүлж буй хэтрүүлэгтэй хариу үйлдэл нь бодит байдалтай ямар ч холбоогүй. Цөмийн зэвсэгтэй Ираныг зогсоогоогүй байсан бол АНУ-ын хотууд аюулд орох байсан гэдгийг л тэр тодорхой хэлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн ачаар Америк илүү аюулгүй болсон. Иранд цөмийн зэвсэг, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг, мөнгө хөрөнгө ч үлдээгүй” гэж Цагаан ордны харилцаа холбооны албаны дарга Стивен Чун сошиал сүлжээгээр мэдэгджээ.

Трамп өмнө нь Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй амьжиргааны өртгийн асуудлыг төдийлөн тоодоггүй байсан бөгөөд Иран эсвэл түүний холбоотнууд АНУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэх магадлалын талаарх санаа зовнилыг ч мөн ач холбогдол багатайд тооцож байсан удаатай.

Гэхдээ Трампын хэлсэн энэ үг Ардчилсан намын хяналтад байдаг Калифорни мужийн хотуудад чиглэсэн байв. Калифорни бол ерөнхийлөгчийн байнга шүүмжилдэг, Ардчилсан намын хүчтэй нөлөөтэй муж юм.

Ардчилсан намын гишүүн, Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ерөнхийлөгч Трампыг "ухаан санаа нь эрүүл бус, аюултай хүн" хэмээн шүүмжилжээ.

"Калифорнийг эзлэн авахаар Үндэсний гварди болон Тэнгисийн явган цэргийн ангиудыг илгээж байсан Дональд Трамп одоо манай гадаад дайснууд Лос-Анжелес, Сан-Диего хотуудыг 'устгах' боломжтой гэж ярьж байна" гэж тэрбээр сошиал хуудсандаа бичжээ.

Трампын улс төрийн гол өрсөлдөгч гэдгээ харуулж, 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн үнэлэгдэж буй Ньюсом гэмт хэрэгтэй тэмцэх, цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор АНУ-ын цэргийн хүчийг Лос-Анжелес болон бусад хотод байршуулах тухай ярьж байсан Трампын өмнөх мэдэгдлүүдийг дээр дурдсан байна.

Трампын хэлсэн үг өөрийнх нь Бүгд Найрамдах Намын улс төрчдөд ч таатай сонсогдоогүй бололтой.

Сан-Диегогийн тойрогт сонгуульд өрсөлдөж буй Бүгд Найрамдах Намын гишүүн Жим Десмонд түүний хэлсэн үгийг шүүмжилж, өөрийгөө холбоогүйг харуулсан байр суурь илэрхийлжээ.

"Би ерөнхийлөгч Трампын хэлсэн үгтэй огтхон ч санал нийлэхгүй байна. Америк улс Ираны эсрэг зогсож, өөрийн ашиг сонирхлоо хамгаалах ёстой ч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэн тэргүүний үүрэг бол Америкийн ард түмэн болон эх орноо хамгаалах явдал юм" гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

Лос-Анжелес болон Сан-Диего хотууд нь хүн амын тоогоороо Калифорни мужийн хамгийн том болон хоёр дахь том хотод тооцогддог. Калифорни муж нь өөрөө АНУ-ын хамгийн олон хүн амтай муж юм.

Сан-Диего хотод АНУ-ын баруун эргийн хамгийн том цэргийн бааз оршиж, түүнд 115,000 гаруй алба хаагч байрладаг.

Ардчилсан намын гишүүн, тус хотыг АНУ-ын Конгресст төлөөлдөг Сара Жэкобс мэдэгдэлдээ "Миний тойргийн иргэд, тэр дундаа цэргийн алба хаагчид, ахмад дайчид болон тэдний гэр бүлийнхэн Трампын тэнэг дайны улмаас гарч буй 'хохирол' байх ёсгүй" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ